УИХ-ын намрын чуулган завсарласан өнгөрсөн баасан гарагт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Н.Учрал гишүүн өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэж хоёр хоногийн дотор баталсан юм.
Гэсэн ч энэ хуулийг нэр шигээ "хүний эрхийг хамгаалах" хууль бус, харин ч хүний эрхийг боомилсон хууль болсон гэсэн шүүмжлэл батлагдсанаас хойшхи энэ хугацаанд өрнөсөн. Тиймээс уг хуульд эрхийнхээ дагуу Төрийн тэргүүнийг хориг тавихыг хүссэн иргэд цахимаар гарын үсэг цуглуулж хүргүүлсэн билээ.
Батлагдсан хуулийг ёсчлон Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор Төрийн тэргүүн хориг тавих эрхтэй байдаг билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч хориг тавихаар болсон тухай Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр дөнгөж сая өөрийн сошиал хуудсаар мэдэгдлээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ" гэсэн байв.
Сэтгэгдэл (6)