Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “1992 онд батлагдсан үндсэн хууль маш чухал үндсэн хууль байсан. Тухайн үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байдалд орсон байсан. Гадаад дотоод бүх нөхцөл байдал бүрдсэн. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжинэ гэж томъёолсон байдаг.
Ингээд 1992 оны Үндсэн хуулинд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж тусгасан. Ингэхлээр УИХ өөрөө төр болоод, УИХ гэдэг хамгийн чухал, хамгийн эрх мэдэлтэй байгууллага болгосон. Ингээд 32 жил яваад үзлээ. Үүн дээр дотор нь байсан гишүүд , хувь хүний тухай ярих зүйл байхгүй.
Үндсэн хуулинд бичсэн тэр тогтолцооноос болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарсан. Ингээд хяналтаас гарсан төр засаг ард түмний бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцож чадахгүй болсон учраас ард түмэн бухимдаж байна. Нийгмийн захиалгаар хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга судлаачид, социологичид , эрдэмтэд, төрийн бус байгууллага, жирийн иргэдээс ирж байна. Бид төр төвтэй буюу хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад байдаг болох цаг ирлээ гэж харж байна. Иймээс 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв, хамгийн хурдан, хамгийн ард түмэнд ашигтай гарц гэж боловсруулсан. Бид 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаадаа биш үүргээ гүйцэтгэчихсэн учраас өөрчлөх цаг нь иржээ гэж тайлбарлаж байна”гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)