УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг болон өндөр үнэлгээ бүхий үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг хураан авч түүнийг цагдан хорьсноос хойш 19 хонож байна. Түүний гэрээс хураагдсан энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гаралтайг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ч ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн дарааллыг зохицуулж өгөх авлига авдаг байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа.
Учир нь, цар тахлын үед урд хөрш хилээ хааснаар манай улсаас гарах ачаа тээврийг хязгаарлаж оочер дараалал ихсээд байсан юм. УБТЗ-ын эзэмшлийн замаар ачаа тээвэр хийдэг өөрсдийн эзэмшлийн вагонтой 41, ОХУ-аас түрээслэж үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгж байдаг.
Эдгээр аж ахуйн нэгжүүдийн вагон хэзээ тээвэр хийхийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба хариуцаж байсан гэсэн үг.
Цар тахлын үед эдгээр компаниас “Талын хишиг майнинг”, “Жи Ар капитал” хоёр давуу эрхтэйгээр тээвэр хийж байсан. УБТЗ-ын удирдлагуудтай тохиролцоод өөрсдийн вагонуудыг бусдаас давуу эрхтэй явуулж байсан. Бүртгэлээс харвал О.Хонгор захиралтай “Талын хишиг майнинг”-ийн эзэн нь Улсын ерөнхий прокурор асан Магванноровын Энх-Амгалангийн төрсөн дүү Магванноровын Бат-Амгалан.
Харин “Жи Ар капитал” нь Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийнх. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүрээллийн нэгэн. Энэ хоёр компани С.Батдөлөөр дамжуулан удирдлагуудтай нь уулзан өөрсдөдөө давуу эрх олж авсан бөгөөд цаашдаа өрнөх үйл явдал гадна талаас “С.Батдөлийн мөнгө бол Ерөнхийлөгч асан, Ерөнхий прокурор асан нарын хамаарал бүхий этгээдүүдийн авлига ” гэж өрнөж мэдэхээр байна.
Гэхдээ дотор талаас С.Батдөл ямар мэдүүлэг өгөхөөс олон зүйл шалтгаална. Нэг сар баривчлагдаад суллагдсаныхаа маргааш иргэн Д.Мөнх-Эрдэнэ лайв хийхдээ нэгэн зүйлийг онцолсныг чихний хажуугаар өнгөрүүлж болохгүй.
Тэр нь С.Батдөлтэй хамааралтай. Д.Мөнх-Эрдэнэ, “С.Батдөл миний хажуугийн хажуу талын 7 номерын камерт сууж байсан. Намайг гарах үед “Би гэрээсээ мөнгө хураалгасан юм аа. Миний дээр нэг авгай байгаа. Тэр авгай хамааралтай шүү” гэж байна лээ”. Үүнийг хориход камерт сууж байсан нөхдүүд ч сонссон” хэмээн өөрийн лайваараа дамжуулан хэлсэн.
Дээр хэлсэнчлэн С.Батдөл бол УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга. Харин түүний шууд удирдлага нь бол Д.Амарбаясгалан гэх эмэгтэй. АТГ-ын дарга З.Дашдаваагийн ойрын хамаатан Д.Амарбаясгалан бол олон зүйлийн учиг зангилааг атгаад сууж байгаа хүн гэсэн яриа байгаа нь оргүй зүйл биш байх. Хууль хяналтын хүрээллээс гадна улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй ойр дотно “халаасанд” дээрх хоёр компанид давуу эрх олгох аман тохирооны баримт байгаа гэх юм билээ.
С.Ононтуул
Сэтгэгдэл (23)