УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал үг хэллээ.
"Төрийн мэдээллийн үндсэн сүлжээ рүү өдөрт 300-500 мянган гаднын сервер халдаж байна шүү дээ. Үүний 80 хувь нь сошиалоор дамжиж орж ирдэг. Олон нийттэй харилцах нэгжтэй болно. Үүнийг нээлттэй сонгон шалгаруулна.
Үүнд хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, олон нийтийн сүлжээнд дагагч өндөртэй нөлөө бүхий этгээдүүд, ухаалаг пост хийдэг хүмүүс өөрсдөө ороод хамтарч хэлэлцээд энэ үнэхээр садар самуун сурталчилжээ, цахим хүчирхийлэл үйлджээ гэсэн зөвлөмжөө холбогдох байгууллагад хүргэчихнэ.
Хууль гарснаар үйлчилгээ үзүүлэгч нарыг хааж, хорино гэсэн ямар ч ойлголт байхгүй. Фэйсбүүкийг бид эндээс зохицуулдаггүй. Хэвлэлийн эрх чөлөөг хаасан нэг үг, үсэг ч байхгүй" гэв.
Д.Батчулуун