ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдсэн даруйдаа шүүмжлэл дагуулаад буй. Тухайлбал, уг хуулийг хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьж, өчигдөр УИХ-аар хэлэлцсэн. УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд энэхүү хуулийг "танилцаж амжаагүй байхад УИХ-аар оруулж ирлээ" хэмээн шүүмжилсэн юм. Гэсэн ч үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх зөв хэмээн үзэж, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжсэн.
Мөн УИХ-ын гишүүдээс гадна "Глоб Интернэшнл" төвөөс уг хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү түүний санаачилсан хууль УИХ төдийгүй, цахим орчинд шүүмжлэл дагуулсан юм.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал өөрийн цахим хуудсандаа "УИХ хохирогчийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэж байна. Өнөөдөр хэдэн тролл харааж зүхэвч хойч үе ерөөл өргөх бахархалт өдөр ирнэ ээ. Эцэг эхийнхээ хайрласан нэр, зүсийг нуусан тролчид оо, хүн-хогнууд аа. Намайг барьж идвэл идэцгээнэ үү" хэмээн нийтэлсэн. Өөрөөр хэлбэл, түүний санаачилсан хууль, нийтэлсэн нийтлэл нь хүртэл шүүмжлэл дагуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэв.
Ийнхүү гуравхан цагийн өмнө "Хүн хогнууд аа, Намайг барьж идвэл идэцгээнэ үү" хэмээн бичсэн атлаа "Ажлын хэсэгт УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 6-р зүйлийн хүрээнд энэ заалтыг хасах томъёолол маргааш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэнэ" гэсэн нь олон нийтийн дургүйцлийг биш гайхширлыг төрүүлсэн хэрэг болов.
Тухайлбал, түүний санаачилсан дээрх хуулийн зургаадугаар заалтыг жүжигчин У.Цогтбаяр цахим орчинд эсэргүүцсэн юм. Иймд ЦХХХ-ны сайд тус зургаадугаар заалтыг хасах томъёолол оруулна гэжээ. Заалт бүрээр нь эсэргүүцвэл уг хуулийг эргүүлэн татаж магадгүй л юм.
Д.Батчлуун