УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Гишүүдийн хэлж байгаа шүүмжлэл зөв. Бид өнгөрсөн жил цахимын багц хуулиа баталж, яамаа байгуулсан. Алдаатай цоорхой одоо харагдаж эхэлж байна. Сая хүүхдийн мөнгөний асуудалд дундын мэдээллийн сангаа хэрхэн хуваалцах шийдлүүдээ хийж чадаагүй байна.
Цахим харилцаан дээрээ тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай. Ц.Мөнх-Оргил гишүүний түмэн зөв. Үүнд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Монголд нийт гэмт хэргийн 33-аас дээш хувийг цахим орчинд хийж байна. Цахим яам ХЗДХЯ дээр боловсруулж байсан хуулийг шилжүүлэн авч, боловсруулахаар дундаасаа ажлын хэсэг гарган ажилласан. Бид УИХ-д хууль батлахыг тулгах эрхгүй. Бид саналыг хүлээн авч, хэлэлцэх эсэхээ шийдэж, богино хугацаанд ажлын хэсэг гаргаж ажиллая. Тэгээд энэ хуулиа батлая.
Бид хоёрдугаар сард "Фэйсбүүк" группийн Ази Номхон далайн бүсийн удирдлагуудын хуулийн баг, техникийн баг бидэнтэй уулзаж, эрх зүйн орчин үүссэн бол хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэрнээс биш үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд нэг ч халдаагүй. Энэ платформ ардчилал хүний эрхийн баталгаа" гэв.
Д.Батчулуун