УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Ийм хууль батлагдах ёстой. Гэхдээ ингэж шуурахгүй ээ Н.Учрал сайдаа. Нэгдүгээр сарын 18-нд хуулиа өргөн барьж, 19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, үдээс хойш батлуулж, энэ сарын 20-нд батлуулна гэж ярихгүй. Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй. Хөл толгойн хаана байна вэ. Учраа олоорой. 24 цагийн дотор ийм нийгмийн харилцааны өргөн утга, олон үр дагавартай учиртай хуулийг та нар батал гэж шахаж болохгүй.
Миний бодлоор үүнийг Х.Нямбаатар сайд өргөн барих ёстой. Хүний эрх ярьж байгаа болохоос техник технологи огт яриагүй. Хэнд ямар эрх өгч, хэний эрхийг хасах вэ гэдэг хүний эрхийн асуудал. Цахим сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь маш чухал. Тэрийг бүгд ойлгож байна.
Нөгөө талдаа хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхтэй тэнцвэржүүлэх л асуудал. Энийг олно гэдэг маш нарийн асуудал. Зөвхөн технологийн асуудал биш. Шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрээр хийж болно" гэв.
Д.Батчулуун