УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хуулийг дэмжиж байна. Цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг олон жил ярьсан. Бие биеэ янз бүрээр доромжилдог. Тэгсэн мөртлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэр дундаа хүүхдийн эрхийн асуудал их хөндөгддөг. Хуулийн төслийн өчигдөр Засгийн газраас өргөн барьж, өнөөдөр шууд оруулж байгаад эмзэглэж байна.
Н.Учрал сайд аа, хуулийн төсөлтэй бид танилцаагүй байна. Одоо энийг л болимоор байна. Танилцуулгыг үзэж, судлахад цаг хугацаа шаардлагатай.
Мөн цахим орчин дахь сошиал хаягийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Нэг хүн нэг нэртэй гэдэг ч юм уу. Гэхдээ бусдын эрх, хууль бус мэдээлэл, хүн гүтгэвэл гэдэг хязгаарлалтыг тавьж өгч болохгүй юу" гэв.
Д.Батчулуун