Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар Монгол улсын Их хурлаас байгуулагдсан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг оролцуулж байна. Энэ үеэр “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөн цогцолбор төсөлд 7,055,255 сая ам доллар буюу тухайн үеийн ханшаар 14,23 тэрбум төгрөгний зээл олгосон. Энэ зээлийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрч Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн банк хуулиа зөрчсөн зориулалтын бус зээл олгосон. Хоёрдугаарт, төр өөрөө байшин барина гэдэг нь завхрал. Иргэд энийг ойлгох хэрэгтэй ийм өндөр үнэтэй зээл аваад, тэрийгээ ашигладаггүй. Хөгжлийн банк яагаад чанаргүйтэв, төр яагаад хөгжлтйн банкыг удирдаж болохгүй вэ. Энэ бол бодит жишээ. Хөгжлийн банканд олон компани байдаг. DBM лизингээр түрээслэх байдлаар ашиглах боломжтой юу?
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек: Харамсалтай нь энэ тоног төхөөрөмжийн үнэлгээ нь нилээн өндөр. Эдийн засгийн эргэлтэнд оруулах үр ашгийн хувьд аж ахуй нэгжид хэцүү. Батлан хамгаалах яам энэ тоног төхөөрөмжүүдийг ашиглаад явах боломж байгаа. Төрийн зүгээс хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөр, тендэрийн гүйцэтгэлийг хийх боломжтой. Нөгөө талаас мөн газар тариалангийн аж ахуй нэгжүүд тариа будаа нөөцлөх газар тариалангын зоорь агуулах, сав баглаа боодлын хэрэгцээ өндөр байдаг. Энийг мэргэжлийн түвшинд ажиллуулах боловсон хүчин Батлан хамгаалах яаманд байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Батлан хамгаалах яам зоорь ухаад зардаг яам биш. Энэ бол бодлогын яам. Төр бизнес хийх гээд байгаа юм уу. Энэ тоног төхөөрөмжийг хувийн хэвшилд санал болгосон уу. Хувийн хэвшилд санал болгож нээлттэйгээр олонд нийтэд зарласан уу.
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек: Холбогдох хэвлэл мэдээллээр энэ тоног төхөөрөмжийг зарах эсвэл түрээслэх ашиглалтын талаар мэдээлэл хүргэсэн. Одоогоор санал огт ирээгүй.
Б.Мичидмаа