Өнөөдөр Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргаа сонгох юм. Намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, З.Нарантуяа нар нэр дэвшиж, өчигдөр үнэмлэхээ гардан авсан билээ. Ийнхүү Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн байр суурийг хүргэж байна.
З.Нарантуяа: Дээд шүүхийн босгыг давна гэдэгт итгэлтэй байна
Тэрбээр "Сүүлийн гурван жил ужгирсан энэ асуудлыг шийдэхийн тулд эмэгтэй хүний мяндсан утсыг гаргана гэж бодож байна. Олон удаагийн яриа хэллэцээрийн үр дүнд ойлголцож, харилцан буулт хийх цаг болсон хэмээн бодож байна. Өнөөдөр хоёр эмэгтэй нэр дэвшиж байна. Улс төр дараа үеэ залгамжилж байх хэрэгтэй ч туршлага хэрэгтэй. Цаашид ардчилсан намаа хүчирхэг улс төрийн хүчин болгохын төлөө хичээн ажиллана. Энэ удаагийн сонгууль өөр өнгө төрхтэйгөөр явна гэж итгэж байна. Дээд шүүхийн босгыг давна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн шинэ даргын сонгууль биш, ардчилсан намын тогтолцооны асуудал юм" гэв.
С.Баярцогт: Ардчилсан намаа сэргээн мандуулсан үйл явц өрнөж байна
Тэрбээр "Ардчилсан нам одоо шинэ, шинэлэг шийдвэрүүдийг гаргаж байж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангасан, шударга ёсыг хангасан нийгмийн байгуулах ёстой гэх байр сууринаас тарж бутарсан хэсгүүдээ нэгтгээд, Ардчилсан намаа сэргээн мандуулсан үйл явц өрнөж байна. Эхний ээлжинд, хоорондоо хагаралдсан хэсгүүдээ буцаан эвлэрүүлнэ. Боломж нь нээлттэй байгаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Бидний хооронд зөвшилцөл, яриа хэлэлцээр тасалдсанаас үүдэж үл ойлголцох байдал үүссэн гэж боддог. Дараагаар, Ардчилсан намд шинэ залуу үеээ олноор татан оролцуулна. Тэдний дуу хоолойг зөвхөн намын хэмжээнд бус төр засгийн хэмжээнд илэрхийлж хүргэх индэр нь Ардчилсан нам байх болно" гэв.
С.Одонтуяа: Эмэгтэйчүүд бид хаа явсан газраа аливааг эвлэрүүлж явдаг
Тэрбээр "Манай намд хийх ажил их байгаа. Юун түрүүнд эвлэрлийн ажлыг бүх шатанд зохион байгуулна. Х.Баттулга, С.Эрдэнэ даргатай тэр бүү хэл өөр өөр үзэл бодолтой хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийг бүгдийг нэг дээвэр дор авч ирье гэх уриалгыг гаргаж байсан. Сүүлдээ эвлэрлийн түр даргыг нь хүртэл би өөрөө хийе гэх саналыг гаргаж л байсан. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлье гэж ажилласан.
Намын эрчүүд маань эв нэгдлийн үйл явцаас ухрах гээд байна. Зөвхөн өөрсдийгөө бодох биш улс орноо бодох хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид хаа явсан газраа аливааг эвлэрүүлж явдаг. УИХ дахь бүлэгт хүртэл А.Адъяасүрэн гишүүн бид хоёр бүлгийнхээ гишүүдийг эвлэрүүлэх гээд байнга л ажилладаг" гэв.
Л.Гантөмөр: Чих нь онгорхой намын дарга хэрэгтэй
Тэрбээр "Бидний эвлэрч байгаа цэг Монголчуудын эрх чөлөө, ардчиллын хамгаалах явдал. Бид хүчтэй сөрөг хүчин болж ажиллах ёстой. Гурван үеийн холбоосоор төрийн ажил явна. Өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад сонгогдон ажилласан. Энэ утгаараа дээд үеийнхний зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл гэж бодож байна.
Бидний хамгийн том зорилго бол намаа нэгтгэх. Монголчуудад сонголт өгөх ёстой. Ардчиллыг хамгаалах үйл хэргээс хойш суух эрхгүй юм гээд намын даргад нэр дэвшиж байгаа. С.Эрдэнэ, Х.Баттулгыг нэгтгэнэ. Чих нь онгорхой намын дарга хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)