"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Ашиг сонирхол чинь харагдаад байна. Толгой эргүүлсэн юм яриад байх юм. Энийг чинь засуулах гэж, олон түмэнд мэдэгдүүлэх гэж л ярьж байгаа. Буруу замаар будаа тээгээд, буруу мэдээлэл өгөөд байна. Төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрийн өмч баймаар юм. Түүнийг барьцаалж болох юм уу? Ийм зарчим байж болох уу? Цаашид яах вэ?" гэв.
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: "Кью Эс Си" компанид зээл олгоход тухайн үед Засгийн газрын тогтоол гарсан байсан. Ийм хөрөнгөөс, Хөгжлийн банкны эх үүсвэрээс зээл олго гэсэн Засгийн газрын тогтоол гараагүй. Концесстой холбоотой тогтоол гарсан. Тухайн үед Хөгжлийн банк Засгийн газраас тухайлсан эх үүсвэр заагаагүй боловч тухайн төслийг ямар нэг байдлаар баталсан Засгийн газрын тогтоолтой хоёр төслийг санхүүжүүлж ирсэн.
Эх үүсвэр заагаагүй учраас Чингис, Самуурай бонд юм уу Засгийн газрын ямар нэг баталгаатай бондоос санхүүжүүлэгдээгүй. "Кью Эс Си"-гээс гадна "Эрдэнэс Монгол"-д олгосон зээл үүнтэй адилаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр, ТУЗ-ийн шийдвэр нь Засгийн газрын тогтоол, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслээд гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу олгож байсан зээл" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)