"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: "Кью Эс Си" компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу? Яагаад төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж буй болохоос биш, тус төрийн өмчийн компанийн эзэмшлийн 130 тоннын даацтай "Белаз"-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Энэ дээр та бүгдийг тайлбарыг сонсмоор байна. "Кью Эс Си" барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу? Хөгжлийн банкнаас асууя. Хэрвээ "Кью Эс Си" компани зээлээ төлж чадахгүй бол хариуцлагыг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцах зохицуулалттай байна уу?
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек: "Нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг 2,1 тэрбум төгрөгөөр барьцаалсан. Ирээдүйд бий болох ёстой хөрөнгийг барьцаалах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, барьцаагүйгээр уг зээл гарсан гэж болно.
Төмрийн хүдэр дундаж агуулга нь 52 хувьтай, 116 тэрбум төгрөг барьцаалсан байдаг. Мөн төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу 58 хувиас дээш агуулгатай 29.5 тэрбум төгрөг гэж барьцаалсан байдаг. Нэг ёсондоо тухайн үед Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг барьцаалсан. Нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр, 500 мянган тоннтой тэнцэх хэмжээний хуурай баяжмал барьцаалсан байдаг. Мөн ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийг давхар барьцаалсан" гэв.
Д.Батчулуун