Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэчлэгдсэн журам батлагдсантай холбоотойгоор олон нийтийн бухимдлыг төрүүлэх үйл явдал болсон. Үүнтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү асуудплыг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байна. Олон нийтийг бухимдуулж буй энэхүү асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу 1 сая 39 мянган хүүхдэд олгоно. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хоцорч байсан нэг ч хүүхэд байхгүй.
Өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна.
Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт нийт 37.478 иргэн утсаар холбогдож, 22.389 иргэн хороондоо биеэр ирж мэдээллийг нягталсан байна. Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдсан хүүхдийн үлдсэн 9 хувь нь мэдээллийг залруулах явцыг төр анхааралдаа авч, 21 хоногийн хугацаанд залруулж ажиллана.
Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр ямар ч хохиролгүй мэдээллээ авна. Тиймээс иргэд тайван байж, хамтран ажиллахыг хүсэж байна.
Иргэд нэг дор олноор и-Монголиад хандсанаас болж саатал гарсан. Үүнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам анхаарч ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)