"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатаас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: “Оргил смарт солюшин” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.Бат-Оргил гэдэг хүнийг таних уу?
Н.Мөнхбат: Миний хувьд 2013-2016 оны хооронд хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ “Квю Эс Си” ХХК намайг байхад олгосон зээл. Гэхдээ тэр үед одоогынхоос өөр хууль үйлчилдэг байсан.
Б.Энхбаяр: Би таниас ахиж энэ талаар асууна. Ярих боломж бололцоог чинь хангана. Та А.Бат-Оргил гэдэг хүнийг таних уу?
Н.Мөнхбат: Би сайн мэдэхгүй байна. Зургийг нь харвал таньж магадгүй.
Б.Энхбаяр: А. Бат-Оргил гэж хүн таныг хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед хөгжлийн банкны АПУГ-ын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан уу?
Н.Мөнхбат: Намайг ажиллаж байхад АПУГ-ын ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил гэж байсан.
Б.Энхбаяр: Энэ хүн нь “КЮ ЭС СИ” ХХК-ны хувьцаа эзэмшигч “Оргилсмарт сольюшн” компанийг 100 хувь эзэмшиж байгаа А.Бат-Оргил гэж хүн байсан байна. Үүнийг та мэдэж байсан уу?
Н.Мөнхбат: Би үүнийг гайхаж байна. Хэзээ тийм болсон юм бол. Хэрэв зээл олгож байхад оролцсон ямар нэгэн ажилтан тухайн компанийн хувьцаа эзэмшилтэй холбоотой бол тэрийг хуулийн дагуу мэдэгдэх ёстой байсан. Хуулинд тодорхой заасан байдаг. Тиймээс үйл ажиллагаанд оролцохоос татгалзах ёстой байдаг.
Б.Энхбаяр: Бид хяналт шалгалтын хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас болон холбогдох бүхий л төрлийн нотлох баримтыг шинжлэн судалж ярьж байгаа. “КЮ ЭС СИ” ХХК-д зээл олгох бүрэн боломжтой гэж ТУЗ-д дүгнэлт танилцуулсан. Энэ дүгнэлт 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр. Зээлийн олголтыг арванхоёрдугаар сард өгсөн. Зээлийн хамгийн эхний дүгнэлтийг А.Бат-Оргил гэж хүн гаргасан. Энэ хүн энэ зээл шийдэгдээд ажлаасаа гарсан байна. Энэ А.Бат-Оргил гэж хүнийг та ажилд авсан уу?
Н.Мөнхбат: Хөгжлийн банкинд бүх мэргэжилтнүүдийг гүйцэтгэх захирлын тушаалаар авдаг. Гэхдээ шийдвэрийг удирдлагын хороогоор гаргадаг. а.Бат-Оргилыг яг яаж ажилд орсныг мэдэхгүй байна.
Б.Энхбаяр: А.Бат-Оргил нь 2014 оны 10 сарын 15-аас 2015 оны 1 сарын 15 Хөрөнгийн удирдлагын гадар нөөцийн удирдлагын хэлтэст мэргэжилтэн
- 2015 оны 1 сарын 15-аас 2015 оны 11 сарын 18 Ахлах мэргэжилтэн
- 2015 оны 11 сарын 18-аас 2016 оны 3сарын 10 Хэлтсийн захирал
- 2016 оны 3 сарын 10-аас 2016 оны 9 сарын 21 хүртэл Эрсдлийн газрын захирал байсан гэдэг мэдээлэл үнэн үү.
Н.Мөнхбат: Миний санаж байгаагаар тухайн үед Хөгжлийн банкинд ачаалал их байсан учраас ажлын орон тоо их гарсан. Тухайн үед хариуцсан байгаа газрын захирлын саналаар авдаг байсан. Харин миний санаж байгаа А.Бат-Оргил гэж хүн мөн бол ТУЗ-ын шийдвэрээр Эрсдэлийн удирдлагын газрын захирал болж байсан. Газрын захирлыг ТУЗ дангаараа шийддэг.
Б.Энхбаяр: Бат-Оргил гэдэг хүн Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Эрдэнэбилэгийн төрсөн эгч Алтанцэцэгийн хүүхэд гэдгийг та мэдэж байсан уу?
Н.Мөнхбат: Тэр талаар ямар ч мэдээлэл байгаагүй.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)