Хүүхдийн мөнгө болон улсын бүртгэл дэх мэдээлэл зөрсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Өрхийн мэдээллийн систем хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан е-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч ирж иргэдийг бухимдуулсан асуудал үүсээд байна. Үүнтэй хобоотой алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн зохих хасалтыг цаг тухайд нь хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал, зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Авто тээврийн үндэсний төв, Үндэсний статистикийн хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар гэсэн төрийн зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч дээрх асуудал үүсээд байна.
Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэн олон нийтийг бухимдуулсандаа Монгол улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчье.
Монгол улс анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр гарсан алдааг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам бзр шинэчлэн ажиллах болно. Системд таныг хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө ямар нэг асуудалгүй олгогдоно. Харин тухайлбал байр орон сууц, автомашины давхардлаас үүсэж өндөр орлоготой болж харагдаж байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа ойлголт төрсөн иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаатайгаар Засгийн газраас зохион байгуулна.
Засгийн газраас 91 хувьд хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулна. Иймээс ард иргэд тайван байж өрхийн мэдээллийг шинэчлэх үйл ажиллагаанд цахимаар болон биечлэн оролцож идэвхтэй ажиллахыг уриалж байна.
Мэдээж цахим шилжилтийн том үйл ажиллагаа процесс амаргүй явагдах нь тодорхой. Энэ бүх алдаа дутагдал огт гардаггүй байх нөхцөл рүү бид шилжинэ. Хүүхдийн мөнгө олгох тухайд дэлхийн олон оронд шалгарсан аргачлалыг ашиглаж байгаа. Энэ аргачлалыг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн системийг ашиглах явцал гарч байгаа алдаа дутагдлыг Засгийн газраас богино хугацаанд засаж залруулна гэдгийг дахин хэлье” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (5)