Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Дээрх 15 компанийн эхний байгууллага болох Империал гоулд майнинг ХХК-ийн зээлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр, "Империал гоулд майнинг ХХК-ийн барьцаанд өгсөн лиценз барьцааны шаардлага хангахгүй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайлбал хаан банкны барьцаанд бүртгэлттэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөнд үнэлж барьцааны шаардлага хангуулсан Монгол Улсын хөгжлийн банкны хуулийн 10.1.6 буюу 8.17 зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг өөрийн гүйцэтгэлийг хангагдсан байна гэдэг заалтыг зөрчсөн.
Барьцаа шаардлага хангаагүй компанид зээл олгосон. Тухайн үеийн хөгжлийн банкны удирдлагууд, өнөөдрийн сонсгол болон өчигдрийн хуралд ч мөн ирээгүй.
ТУЗ-ийн дарга байсан М.Баярмагнай тэргүүтэй бусад удирдлагууд яагаад ирэхгүй байна. Өчигдөр, өнөөдрийн хуралд зээлийн газрын захирал Мөнхбаяр л ирсэн. Бусад удирдлагууд байхгүй байна. Хөгжлийн банкны тухай хуулиар ТУЗ бол хамтын шийдвэр гаргадаг.
Хөгжлийн банкнаас гарч байгаа зээл болон бусад шийдвэрийг хариуцлагыг хүлээх хамтын удирдлагатай байгууллага. УИХ дээр хийж байгаа нийтийн сонсголд ирэхгүй байгаа албан тушаалтнуудыг дуудмаар байна. М.Баярмагнай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүдэд онцгойлон анхааруулж хэлмээр байна" гэв.
А.Сүх