Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Төсвийн байнгын хороо, гишүүдийн зүгээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн том бодлогыг дэвшүүлж, хуулийн төслүүдийг өргөн барьж байна. Төсвийн гол үндсэн хууль болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүй өв сангийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа.
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Өргөн барьж буй хуулийн төслүүд маань ард иргэдийн ярьдаг хөнддөг асуудлуудыг тусгаж, хийж буй хуулийн төсөл юм.
Мөрөөдлийн жагсаалт гэж хэлж болохуйц асуудлуудыг төсвийн шинэчлэлийн бодлого болгон гаргаж ил тавьж байгаа. Төсвийн тогтвортой байдлыг хангах, өр зээлгүй төсөв баталдаг болох, үр ашиггүй зардлыг асуудлууд дээр цэг тавих цаг нь болсон байна. Тогтвортой байдлын тухай хуульд гар хүрдэггүй байх зэргийг тусгаж өгсөн. Дараах дөрвөн бодлогын хүрээнд орж ирж байгаа. Тухайлбал,
- Төсвийн тогтвортой байдлын бодлого
- Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого
- Төсвийн төлөвлөлтийн бодлого
- Төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд танилцуулагдаж байгаа" гэв.
Д.Батчулуун