Ардчилсан намын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн З.Нарантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүд нийт 490 мянга гаруй гишүүдийн бүртгэл улсын дээд шүүхэд хүргэгдсэн байдаг. Нийт гишүүдийн ирц 50 хувиас дээш байгаа учраас үндэсний бодлогын хорооныхон дүрмийн дагуу хурал хийж байна. Энэ удаагийн хурал Улсын Дээд Шүүхэд нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийн дагуу явагдана. Энэ бол хууль ёсны хурал гэж үзэж байна.
Хэлэлцэх асуудлыг сая баталлаа. Нийт таван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд АН-д үүсээд байсан бүх нөхцөл байдлаа үндэсний бодлогын хороо дүгнэж цэгнэн шийдвэрлэнэ. Хэзээ нэг өдөр бүх гишүүд цуглан АН-ын даргаа сонгоно.
Энэ даргын сунгаа маргаангүй байх үүднээс өнөөдөр намын даргыг сонгох журмаа батлах гэж байна. Энэ журмыг баталсны дараа үндэсний бодлогын хороо намын их хурлыг зарлана. Цаашид АН эв нэгдэлтэй байхын тулд УИХ дахь бүлэг байгууллага, институцын хувьд нэгдмэл зохион байгуулалттай намтайгаа үзэл санаа, мөрийн хөтөлбөрийн чиг хүрээнд нэгдэн ажиллах ёстой. Тэгэхээр гишүүн болгон өөр өөрийн байр суурийг авч явах биш сонгогдсон намынхаа өгсөн чиглэл үзэл баримтлалын хүрээнд аливаа зүйлд хандаж байх учиртай. Иймээс одоо УИХ-д яригдаж байгаа Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрх баригч намын мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай хоёр ажлын хэсэг байгуулахаар хэлэлцэх асуудалд тусгаад байна.
Нийгэм шинэчлэгдэж байна. Иймээс улс төрийн намууд үүнийг дагаад үзэл санаа, үйл ажиллагааны хувьд ч шинэчлэгдэх ёстой. АН бол бодлогын, нөгөө талаасаа нээлттэй нам болох ёстой. АН-ын бүх үеийн төлөөлөл дараа үедээ боломж олгож хойч үедээ ардчилалын үнэт зүйлийг тээж явах үйл ажиллагаанд саад болохгүй байх ёстой.
Тийм учраас олон үзэл санааг тээдэг энэ намд залуучууд, мөн эмэгтэйчүүд олноороо дэвшээсэй гэж бодож байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийг төлөөлөн намын даргын сунгаанд оролцох бодолтой байгаа. Манай АН-ын эрх барьдаг төлөөллийн төв байгууллагын бүх гишүүд эвлэрье, нэгдье гэсэн бодолтой байгаа нь харагдаж байна. Мэдээж олон хүн дотор өөр бодолтой цөөнх байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 70-с 80 хувь нь нэгдсэн байна гэж харж байна” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)