Тэтгэврийн реформ ,банкны зээлийн нэг хувийн шимтгэлийн талаар УИХ гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл өгье. Нэгдүгээр асуудал нь өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар нийгмийн даатгалын багц хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ нь монголчуудын маш олон жил хүлээсэн асуудал. Зөвхөн тэтгэвэрт гарч байгаа иргэд, настай хүмүүсээс гадна, тэтгэврийн реформ хийж урт хугацааны хөрөнгө оруулалтын сан үүсгэх, цаашлан монгол улсын эдийн засгийг тэлэх , санхүлгийн механизмыг эрүүл болгох ажлууд мөн хүлээлттэй байгаа. Үүнтэй холбоотой хэлэлцэх асуудлууд өчигдөр шийдэгдэж ярилаа.
ХҮН намын мэргэжилтнүүдийн зүгээс илүү орчин үеийн дэвшилтэт болгож иргэдийн болон хөрөнгө оруулагч нарын хүлээлтэд нийцсэн байдлаар хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Тогтолцооны шинэчлэлийг бүгд хүлээж байгаа. Яг энэ шинэчлэлийг хийхэд хамгийн багадаа нэг их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэтэл та бүгдийн мэдэж байгаачлан нүүрсний хулгайн хэрэг 40 их наяд. Гэтэл бид нар ганцхан их наядаар энэ өөрчлөлтийг хийх боломжтой.
Ганцхан их наядаар энэ өөрчлөлтийг эхлүүлсэн тохиолдолд мөнгөө өгөөд , өсгөөд, хуримтлуулаад буцаагаад авдаг нөгөө талдаа залуучууд бизнесүүд урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг. "Эрдэнэс тавантолгой", "Оюутолгой"-н хувьцааг Монгол залуучууд нь авдаг болох ёстой. Ингэхийн тулд энэ шинэчлэлийг цогцоор нь хийе гэж мэргэжилтнүүд тооцооллоо хийсэн.
Хоёрдугаарт, Монголын арилжааны банкууд иргэдийн зээлийг хүлээж аваад судалгаа хийхдээ зээл тутмаас нэг хувийн шимтгэл авдаг байсан. Энэ шимтгэл нь хуулийн дагуу юу, үнэхээр ийм зардал гардаг уу гэдэг асуудал байсан. Гэтэл үүнтэй холбоотой шат шатны шүүхээс энэ нь буруу, энэ мөнгийг эргүүлж өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрүүд гарсан. Монгол Улс 108 мянган иргэдэд хамааралтай уг асуудлыг яаралтай шийдэх ёстой” гэв.
Б.Мичидмаа