Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны хуралд Ардчилсан намын Эв нэгдлийн ажлын хэсгийн дарга Ж.Батсуурь илтгэл танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийн бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр "Эрхэм хүндэт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, үзэл санаа нэгт журмын нөхөд өө
Юуны өмнө та бүхэндээ Ардчилсан Үндсэн хуулиа баталсан ойн өдрийн мэндийг хүргэе. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан энэхүү Үндсэн Хууль нь Ардчилсан хүчнүүдийн манлайллаар 1990 онд ялсан Ардчилсан хувьсгалын шууд үр дүн байсан юм. Энэхүү Ардчилсан Үндсэн Хууль батлахад оролцож байсан эрхэм нөхдүүддээ онцгойлон баяр хүргэе.
Өнөөдөр бид энд хамтдаа Ардчилсан намын нэгэн шинэ түүхийг эхлүүлэхээр цуглараад байна. Монгол оронд 70 гаруй жил ноёрхсон социалист дэглэм нуран унаж, зөвлөлтийн коммунист намын дагуул нам байсан тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт намын дангаар ноёрхлыг устгасан эрх чөлөөний хонхны дуунаар Ардчилсан нам төрөн гарч ирсэн түүхтэй билээ. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш даруй гуч гаруй жил улирч, хүний амьдралын нэг бүтэн үе өнгөрсөн байна. Өнгөрсөн 30 жилийн наймхан жилд нь ардчилагчид засаглаж байсан боловч энэ цаг үеийг Монголын ард түмэн ардчиллын үе хэмээн нэрийддэг билээ. Учир нь Ардчилсан нам л иргэдэд байрыг нь, малчдад малыг нь, баялаг бүтээгчдэд бизнес эрхлэх эрх чөлөөг нь, залууст дэлхийн дуртай орондоо аялах, ажиллах, суралцах боломжийг бодитоор өгсөн юм.
Мэдээж бидэнд алдаа байсан. Алдаа гаргасан учраас ч ард түмэн сүүлийн сонгуулиудаар хангалтгүй дүн тавьсан. 2016 болон 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригч Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, хүчээ нэгтгэсэн. “Нэгтгэсэн тэр хүчээ” үндэснийхээ баялгаас хулгай хийхийн төлөө л ашиглаж байна.
Улс төрийн онолд клиптократ (kleptocracy) буюу хулгайчдын засаглал-ыг төрд ёс зүйгүй, ур чадваргүй хүмүүс гарснаар бий болгодог гэж үздэг. Шударга ёсны оронд авилга, дээрэм, хуулийн засаглалын оронд хулгайч дарга нарын арми засаглаж үндэстнээ мөхөөхөд хүргэдэг гэж тодорхойлсон байдаг. Эрх баригч Монгол Ардын нам яг одоо хулгайчид засагласан нийгмийг маш амжилттайгаар бүтээж байна.
Хүчтэй сөрөг хүчин, чөлөөт хэвлэлгүй болсон эрх баригчид “биднийг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн бүдүүлэг хандлагаар илт хүч түрэмгийлж байна. Ковидын нэрээр тендергүй олон зуун тэрбумын шахаа хийж, төрийн албанд тэнцэхгүй намын гишүүд, сонгуулийн менежерүүдээ өндөр албан тушаалд томилдог болов. Монгол төрийн босго МАН-ын дарга нарт намхан, иргэддээ өндөр байна. МАН-ын Засгийн Газруудын үед олон тэрбум долларын асар их хэмжээтэй “нүүрсний” гэх тодотголтой мянганы хулгай гарлаа. Мянганы хулгай гэхийн учир нь төрт ёсны 2000 жилийн түүхэнд ийм том тонуулыг ямар ч эрх баригчид хийж байсангүй.
Эрх баригчид улс орноо тонон дээрэмдээд зогсохгүй иргэдээ улныхан гэж доромжилж байна. Бизнес эрхлэгчдийг татвараар дарамталж байсан бол сүүлдээ иргэдийнхээ дансыг ухаж хулгайгаар хоосорсон төсвөө бүрдүүлэхийг зорьж байна. Тэд дахин сонгууль болвол ард түмэн дэмжихгүй гэдгийг сайн мэдэж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьцгааж байна. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байхыг үгүйсгэхгүй боловч Үндсэн хууль л алдаатай байгаагаас их хулгайлаад байна гэдэг бол гүтгэлэг юм.
Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийг цогцоор нь өөрчлөхгүй л бол Монголын улс төр шинэчлэгдэхгүй. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, шударга ёс, улс төрийн эрх чөлөө, үндэсний эрх ашгаа Үндсэн хуулиараа илүү сайн хамгаалж өгөхгүй бол төрийн дээрэм, хүчирхийлэл дуусахгүй.
Үндэсний Бодлогын хорооны эрхэм гишүүд ээ.
Ардчилсан намын нийт гишүүд ээ.
Олон улсын дэг журам өөрчлөгдөж манай бүс нутагт геополитикийн тектоник хөдөлгөөн гарч байна. Дэлхийн дэг журамд ихээхэн өөрчлөлт орж байна. Монголын хувьд энэ өөрчлөлтөөс авах сургамж нь эрчим хүч, газрын тосны хараат бус байдлаа бэхжүүлэх, илүү олон анд нөхөдтэй байх ёстой гэдгийг харууллаа. Сүүлийн нэг жилийн дотор Монголд гадаад орнуудын төр засгийн өндөр, дээд хэмжээний зочдын айлчлал тасарсангүй. Энэ нь эрх баригчдын гадаад харилцаа сайн байгаа гэхээс илүүтэй олон улсын харилцаа хурцадсантай холбоотойгоор гадаад улсуудын явуулж буй идэвхтэй бодлогын үр дүн гэж харж байна. Харамсалтай нь эдгээр айлчлалаас дорвитой, хэрэгжихүйц нэг ч томоохон хөрөнгө оруулалт, эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах нэг ч төслийг эрх баригчид тохирч чадсангүй.
3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 13 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсын иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьж байсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөг хол давлаа. Ийнхүү өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж, улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувираад байна.
2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрч буй 2022 оных 2.4 их наяд төгрөг байхаар урьдчилан тооцоод байна. Төсвийн энэхүү алдагдал инфляцийг хөөргөж, үнэ өсгөж буй нь бага орлоготой иргэд болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын сөргөөр нөлөөлж байна. Ийнхүү төсвөөр дамжин үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах зэрэг олон муу үр дагавар гарсаар байна.
2022 он гарсаар инфляци улсын хэмжээнд хоёр оронтой тооноос буусангүй. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 10.9 хувиар өссөн мэдээ гарсан. Бодит байдал дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-100 орчим хувь өслөө гэж ард иргэд ярьж байна.
Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгаагаар Монгол Улс 2014 онд 58 дугаар байрт орж байсан бол тасралтгүй ухарсаар 2021 оны тайланд 81-т орж, 23 байраар ухарсан байна.
Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын индексээр 2021 онд 102 дугаар байрт орж, 2014 онтой харьцуулахад 10 байраар ухарсан байна.
Авлигын индексээр 2015 онд 72 дугаар байрт байсан бол 2021 онд 110-т орж, 40 орчим байраар үсрэнгүй ухарсан байна. Дүгнээд хэлбэл Монгол Улсын нийгэм эдийн засгийн голлох үзүүлэлтүүд эрс дордож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байна. Иймэрхүү тоо баримт, статистик мэдээлэл цаашид олныг дурьдаж болно.
Эрх баригчид бүх түвшинд “Хүчээ нэгтгэсэн” боловч нэгтгэсэн тэр хүчээ ард түмний төлөө бус амин хувь, бүлэглэлийнхээ ашиг хонжоо, хулгай луйвраа далдлахын тулд л ашиглаж байна.
Хэлж сануулах хүчтэй сөрөг хүчингүй бол хийх ёстой ажлаа эрх баригчид хийж чаддаггүй ажээ.
Эрхэм хүндэт Үндэсний бодлогын хорооны гишүүд ээ
УИХ-ын 2016, 2020 оны, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиудад дараалан үнэмлэхүй ялагдсан нь Ардчилсан намын хувьд алдаа оноогоо бодитоор дэнслэх, үнэнтэй нүүр тулах шахалт болох ёстой. Сүүлийн зургаан жил манай нам бүх шатны ээлжит сонгуулиудад ялагдсан үндсэн шалтгаан бол бидний дотоод эв нэгдэлгүй байдал гэж зоригтой дүгнэж болно.
2024 оны сонгууль хаяанд ирсэн, эрх баригчдын өнөөдөр ярьж буй санаархлаар бол Үндсэн хуулийг өөрчлөн, УИХ-ын сонгуулийг 2023 онд ч явуулж магадгүй болоод байгаа энэ цаг үед дээрх бүх алдаа дутагдлаа гүнээ ухамсарлан, Ардчилсан намаар удирдуулсан ардчилсан хүчин нэгдэн нийлж сонгуульд оролцсоноор ялах боломж бүрдэнэ гэдэгтэй та бүхэн санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Дүрмийн маргаан гэх зүйлээс болж Ардчилсан нам хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагагүй болж, дотроо хэсэг, бүлэг болон хуваагдаж, дэмжигч олон нийтээсээ ихээхэн шүүмжлэлийг дагууллаа.
Товчхон хэлбэл, намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг бүртгүүлэх гэсэн талуудын олон удаагийн оролдлого бүтэлгүй болсноор өнөөдөр нам даргагүй байсаар байна. Тиймээс холбогдох хуулиудад нийцсэн, намын үндсэн дүрмийг бүрэн хангасан, намын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц нэр дэвшигч тодруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх шаардлага нэн тулгамдаад байна.
Ардчилсан намыг хагаралтай байгаа гэж байгаа ч орон нутгийн намын байгууллагууд маань нэгдмэл үйл ажиллагаа явуулж, эгэл жирийн гишүүд маань бүртгэлийн асуудлаа цэгцэлж, намыг төлөөлөх эрх бүхий этгээдтэй болохыг шахаж шаардсаар байна. Миний бие энэ үгийг сургаар биш, 2022 онд 21 аймгийн 15000 гаруй гишүүд, дэмжигчидтэйгээ биечлэн уулзсан хүний хувьд бодитоор мэдэрч, хэлж байгаа юм.
Эвлэрэх, нийлэх, сөрөг хүчний үүргээ биелүүлэх тухай бүгд л санаа тавьж, ярьж байгаа энэ цаг үед эвлэрэл, ойлголцлын санал санаачилгыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд манлайлан гаргаж, Эв нэгдлийн ажлын хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны шийдвэрээр бүх талын төлөөллийг оролцуулсан 39 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, үе үеийн намын нэгдэл нягтралд зөвлөхүүдийн хамтаар, гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллалаа.
Ажлын хэсэг бүх шатны төлөөллийн байгууллагын гишүүд, бүх шатны намын дарга, намын сонгуульт болон жирийн гишүүн олон зуун хүнтэй биечлэн уулзаж санал бодлыг нь сонслоо. Эндээс нэгтгэн дүгнэвэл намын нийт гишүүдийн үнэмлэхүй олонх нь энэ удаагийн Үндэсний Бодлогын хорооны хурлын шийдвэрийг дэмжихээ илэрхийлж байгаа бөгөөд цаашид намын их хурлаа яаралтай хийж, асуудлаа нэн даруй шийдвэрлэхийг бид бүхнээс шаардсаар байна.
Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.13.1.1-д заасан “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж заасны дагуу өнөөдрийн энэ хурал шийдвэр гаргах бүрэн эрхтэй болно. Өнөөдрийн хурлын гол онцлог нь өмнө нь тус тусдаа хуралдаж байсан Үндэсний Бодлогын хороод хамтран, нэгдсэн байдлаар хуралдаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл Ардчилсан намд тулгараад байгаа асуудлаар Үндэсний Бодлогын хорооны энэхүү нэгдсэн хуралдаанаас өөр шийдвэр гаргах эрх бүхий субьект байхгүй, өөр боломжгүйг ч та бид бүгдээрээ мэдэж байгаа.
Одоо намын даргатай, тамгатай, хариуцлагатай, эрх чөлөөний манаач болсон хамгийн том намыг эмхэлж цэгцлэх түүхэн үүрэг намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний Бодлогын Хорооны эрхэм гишүүд Та бүхний гарт ирлээ.
Ардчилсан намын талцал хуваагдал Монголын зовлон болоод байгаа энэ үед хүний эрх, чөлөөт зах зээлийн үнэт зүйлс, олон намын тогтолцоо цаашид байх эсэхийг шийдэх түүхэн үүрэг Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд, та бидэнд ногдож байна.
Хэрвээ энэ Үндэсний Бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг, түүний дагуу хийх намын даргын сонгуулийн дүнг Дээд шүүх эрх баригчдын нөлөөгөөр бүртгэхгүй бол Монгол Улс нэг намын тогтолцоотой улс гэсэн тодорхойлолтыг албан ёсоор авах болно. Хэрэв нэг намын тогтолцоотой улс болвол ардчилал сүйрч хулгай тонуул жинхнээсээ албан ёсных болно гэдгийг хүн бүр санаж сэрэх цаг болсон.
Хүчтэй Ардчилсан нам байгаа тохиолдолд л Монгол Улсад парламентын засаглал, ардчилсан үзэл санаа оршсоор байх болно. Ардчилсан намыг тамгагүй, даргагүй байлгах сонирхол бол Монгол Улсын эсрэг ашиг сонирхол гэж үзэж байна. Ийм боломжийг бид тэдэнд өгч болохгүй. Бид хамтдаа намаа сэргээн босгож чадна.
Ингээд сэхээнд байгаа намаа “Аврах уу, тараах уу” гэдгийг шийдэх эрх эрхэм Үндэсний Бодлогын хорооны гишүүн танд албан ёсоор шилжиж байна.
Ардчилсан Монгол Улс үүрд орших болтугай" гэв.
Сэтгэгдэл (7)