УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өмнө нь тендер шалгаруулалтад орох, баталгаа гаргах асуудлыг хориглосон байсан. Гэтэл одоо нэмээд төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмж байна гэж ойлголоо. Энэ хүрээнд ЖДҮ-ийн сан, Хөгжлийн банк гэх мэт сангуудаас мөнгө авахыг нь хориглож байгаа юм байна. Тэгэхээр яг ямар төрийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд ямар хэмжээний санхүүжилтыг аваад байна вэ. Судалгаа байна уу?
7.3 тэрбум төгрөгийн авлигын хэрэг гарч ирлээ. Цахим сүлжээнд АТГ-ын даргын эгчийнх нь орлогч дарга, УИХ-ын гишүүний сонгуульд ажиллаж байсан гэдэг хувилбар гарч ирж байна.
Гишүүд өөрийнхөө менежерийг төрийн албанд томилчихдог. Түүгээрээ дамжуулан төрийн дэмжлэг, авлигын асуудалд холбогддог түгээмэл асуудал бий. Цар тахлын хуулиар маш олон хууль бус томилгоог хийсэн. Ийм асуудлыг бодитоор хэзээ шийдвэр вэ" гэв.
Д.Батчулуун