УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нүүрсний хэрэг, хэдэн их наяд төгрөгийн орлого, оффтейк гэрээ, нийлүүлэлт гээд олон асуудал байгаа. Энэ тогтоол дээр оффтейк гэрээг байгуулахгүй байя, олон улсын хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байя гэсэн саналуудыг тусгасан. "Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа бол өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Тиймээс үүнийг олгох талаар тогтоолд тусгахыг хүссэн.
Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна.
Мөн хоёр удаа бонд гаргасан. Энэ бондын зарцуулалтын тайланг сонсч, мэдмээр байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой гэж бодож байна" гэв.
Д.Батчулуун