УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үн хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн асуудал өмнө нэг удаа хөндөгдсөн. Гадаадын улс орны төрийн өмчийн компани хөрөнгө оруулалт хийж болохгүй гээд буцсан. Одоо хуулинд гадаадын төрийн өмчит хуулийн этгээд энд оролцох боломжгүй гэж ойлгож байгаа. Энийг бататгаж сонсох шаардлагатай байна.
Хоёрдугаарт, бид нар гадаадын томоохон улс орон дамжсан салбар байхгүйн шалтгаан нь юу вэ? Гадаадын том хөрөнгө оруулалтыг дагаж банкууд орж ирдэг. Рио Тинто, Оюутолгойг дагаж хоёр том банк орж ирэх гэж байсан. Гэтэл гэрээ байгуулахдаа Оюутолгойн мөнгийг оруулж ирэхгүйгээр гадаадад хадгалж ,зарцуулж болно гэж зөвшөөрсөн. Тэрнээс болоод гаднын банк орж ирэх хаалга хаагдсан. Энэ асуудал нь бид гаднын том хөрөнгө оруулагчаа гадаадад мөнгөө байршуулхыг зөвшөөрснөөс үүдэлтэй.
Гуравдугаарт, үнэт цаас гаргана гээд байгаа. Гадаадын зах зээл дээр үнэт цаас гаргаж босгоод энэ нь монгол улсын өрөнд тооцогддог. Одоо Оюутолгойн өр 12 тэрбум доллар 30 гаран болчихсон байгаа. Энэ тал дээр цаашдаа анхаарахгүй бол хөгжлийн банк шиг асуудал үүсэх магадлалтай. Тэгэхээр энэ мэтийн зүйл дээр анхаарч эхнээсээ зөв зохион байгуулах хэрэгтэй. Мөн энэ хууль гарсны дараагаар санхүүгийн зохицуулах хороо, үүн дээр холбогдох байгууллага, Монгол банк хяналт тавьж ажиллах ёстой. Хөгжлийн банкны асуудал Монгол банк сайн хяналт тавиагүйгээс болсон. Иймээс төрийн нэрийн өмнөөс мөнгөний бодлогыг явуулж, өр зээлийн асуудал дээр хяналт тавьж байгаа байгууллага төв банк учраас эхнээсээ маш сайн ажиллах хэрэгтэй гэдгийг хэлье" гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)