УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "2017 онд Монгол улс олон улсын валютын санд хамрагдаж тэтгэврийг долоон жилээр бодох асуудлыг оруулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд долоон жилийн туршид тэтгэврийг таван жилээр бодох тухай асуудлыг ярьж жагсаал зохион байгуулж, УИХ-ын индэр дээрээс 60 гаруй удаа үг хэлж энэ хуулийг таниулах зорилгоор 21 аймгийн хоёроос бусад аймаг, томоохон сумдаар уулзалт хийж, зөвөлгөөн зохион байгуулж ажилласан. 2021 онд засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулийг оруулж ирсэн боловч долоо биш бүр арван жилээр бодох хууль оруулж ирсэн. Үүнийг эсэргүүцсэний үр дүнд засгийн газар энэ хуулийг буцаасан.
Харин өнөөдрийг засгийн газар энэ тэмцлийн үр дүнд нийгмийн даатгалын багц хуульд таван жилээр бодохоор тусгаж оруулсанд засгийн газарт талархаж байна . Мөн энэ хуулийг дэмжиж байсан УИХ-ын гишүүддээ талархаж байна.
Бидэнд нэг асуудал үлдсэн. Боловсролын тухай багц хууль УИХ дээр ирээд хоёр жил гаран болж байна. Их хурал дээр ирээд удааширдаг ийм асуудал байгаа. Түүнтэй адил нийгмийн даатгалын багц хуулийг олон жилээр барихтай ийм асуудал үүсэж болзошгүй. Иймээс хаврын чуулганаар УИХ гишүүд энэ хуулийг яаралтай хэлэлцэж ахмадуудын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна.
Өнөөдрөөс эхлээд “Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгоцгооё” тэмцэлээ зогсоож, дараагийн “Долоо биш таван жилээр тэтгэврээ нөхөн олгоцгооё” тэмцэлээ эхэлж байна.
Өнгөрсөн хугацаанд долоо, зургаан жилээр бодсон байсныг буцаан таван жилээр нөхөн бодож олгохыг шаардаж эхэлнэ. Бид монгол улсын хөгжил дэвшлийн төлөө өдөр шөнөгүй ажилласан амьд бурхан болсон ахмадуудыг энэ зурвасхан хугацаанд хохироож болохгүй. Тиймээс УИХ-ын гишүүдээс нөхөн олгох тухай шаардахыг нийт ахмадуудад уриалж байна" гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)