Улаанбаатарын хамгийн том асуудал яг өнөөдөр бол утаа байна. Уушгины хатгалгаа, угаар ердөө өнөөдрийн л харагдах үр дагавар бөгөөд үүнээс цааш хамгийн ноцтой нь энэ агаараар амьсгалж байгаа иргэдийн эрхтэн систем нэлэнхүйдээ хүнд элементээр хордож, хүнд өвчний сууриа тавьж байна.
Гэсэн ч эрх баригчид, тэр тусмаа түлш, эрчим хүчний салбарынхан Улаанбаатарын утааг хоргүй хэмээн мэтгэж байна.
Тухайлбал, ердөө хэдхэн сарын өмнө Эрчим хүчний сайд байсан, өдгөө салбарынхаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Тавинбэх УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо, сайжруулсан шахмал түлш Улаанбаатарын агаарын чанарт нөлөөлдөггүй хэмээсэн юм. Уг нь Улаанбаатарын утаа нэг л биш байна, хүхрийн хэмжээ нь урьд урьдынхаас өндөр байна гэдгийг нэг их нарийн багаж төхөөрөмж шаардлагагүйгээр амьсгалахад л мэдрэгдэж байгаа. Байдал ийм байхад сайжруулсан түлш чанарт нөлөөлөөгүй ээ гээд хэлээд сууж байгаа нь Эрчим хүчний яамныхан арьсаа хамгаалж байгаа л арга хэлбэр юм. Учир нь, энэ яам сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг хариуцдаг.
Сайжруулсан шахмал түлшийг өнөөдөр Улаанбаатарын дийлэнх яндан түлж байгаа. Гэр хорооллын өрхүүд болон 256 байршилд буй 464 уур үйлдвэрлэгч зуух энэ түлшийг түлдэг. Том цахилгаан станцаас бусад нь түүхий нүүрс түлэхээ 2018 оноос хойш зогсоосон. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор ийм шийдвэр гаргаж байв. Ийм байхад Улаанбаатарын утаа зөвхөн түүхий нүүрс түлдэг станцууд, бас автомашинтай л холбоотой хэмээн Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх яаж хэлж чадаж байна аа. Утаанаас бултаж, уснаас хуурай гарахын тулд Төрийн нарийн бичгийн дарга, сайд асан тэрбээр, "Бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байна. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлье" хэмээсэн. Тэгвэл энгийн иргэд бид сайжруулсан шахмал түлшинд “асуудал” байна аа гэдгийг аппарат хэрэгслийн тусламжгүйгээр хүртэл мэдрээд байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)