Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хамаарал бүхий этгээдүүд, хамаатан садандаа давуу байдал олгож 18 тендер олгосон, гурилын үнийг ашиг сонирхлын үүднээс 50 хүртэлх хувиар нэмсэн гэх асуудлаар өчигдөр /2023.01.09/ АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн. Тэгвэл Х.Болорчулуун энэ талаар мэдээлэл өглөө.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:Миний огт танихгүй Цэрэнтогтох гэх хүн хардах эрхийнхээ хүрээнд намайг сошиалд түгсэн мэдээллүүдийг цуглуулж, АТГ-т намайг өгсөн байна. Тэр хүнд хардах эрх бий боловч гүтгэх эрх байхгүй. Энэ бол сэтгүүлчдийн групп дээр зар тавиад, хэвлэл мэдээлэлд захиалга өгч, зохион байгуулалттай хийж байгаа ажил. Надад хууль бус зүйл хийсэн тохиолдол байхгүй гэдгийг 100 хувь баталгаатай хэлье. Үүнийг шалгадаг газар нь шалгах байх. Энэ хүн наанаа бол огт танихгүй царай, харин цаана нь бохир улс төрч байгаа. Тэд өөрсөд шигээ намайг бодож байгаа хэрэг. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нэрийг нь оруулахад нөлөөлсөн гэж хардаад байгаа юм. Зүгээр нэг гишүүний үгээр нэрийг нь оруулна гэж юу байх вэ дээ. Тамын тогооны үлгэрээр халуун тогоонд хамт шатъя гэсэн байр сууриар энэ асуудлыг улс төржүүлж байна. Тэр улс төрч намайг яг өөр шигээ гэж бодоод байх шиг байна. Тэр хүн бол бохир улс төрч, аль ч намын хэнтэй нь ч наалдаж, нөхөрлөж ирсэн, төрөөс төрсөн тэрбумтан хүн гэж ойлгож болно. Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нь нүүрс шиг, минийх харин тариа будаа шиг. Дорнод бүсийн эрчим хүчний дарга надтай биш, миний дүүтэй худ ураг хүн. Би дороо есөн дүүтэй. 2018 оноос хойш 18 тендерийг ах дүү, хамаатан садандаа өгсөн гэх мэдээлэл гарсан. Та нар тэр тендерийн жагсаалтыг үзсэн байх гэж найдаж байна. Үзээгүй бол үзээрэй. Тэнд олон тэрбумаар тоологдох тендер нэг ч байхгүй. Намайг үүсгэн байгуулагч “Дорнод гурил” компанитай холбодог. Улаанбаатараас авалтай биш, “Дорнод гурил” компаниас үнэ, чанарын сонголт хийгээд Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгүүд гурил авдаг. Тэр болгоныг оруулаад тоог нь ихэсгээд байна. Тендерт оролцдог ах дүүгийн хамаарал бүхий компани гээд ярихаар ямар ч хүнд эмзэг тусна. Миний дүү нар хууль бус зүйл нэг ч хийгээгүй. Намайг шууд муухайгаар гүтгэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)