УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. УИХ дах МАН-ын дэд даргаар ажиллаж байсан С.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон. Үүнтэй холбогдуулан Х.Булгантуяа, С.Сүхбаатар гишүүдийг бүлгийн дэд даргаас чөлөөлсөн. Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон.
Хоёрдугаарт, ХЗБХ-ны дарга УИХ-ын гишүүн Г.Мөнхбаяр УИХ-ын дэд дарга болсон. ХЗБХ-ны хурал маргааш болно. Тиймээс олонхын бүлгээс хэлэлцэж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлж байгаа.
Гуравдугаарт, Оптек гэрээгээр байгуулагдсан төмөр замын ажлын явц үр дүнтэй холбоотой асуудал, санхүүжилтийн талаар зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдэгдлийг сонссон.
Зүүнбаян, Гашуун сухайт, Богдхан гэх мэт төмөр замууд баригдаж байгаа. Эдгээрийн цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж гурван чиглэлийг зам тээврийн хөгжлийн сайдад өглөө.
- Зүүнбаянгийн төмөр зам, Таван толгойн төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах.
- Төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах
- Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоон үнийг буулгах арга хэмжээ авах гурван чиглэлийг УИХ дах МАН-ын бүлгээс Засгийн газар , Зам тээврийн хөгжлийн сайдад өгсөн” гэв.
Б.Мичидмаа