УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн Банкны гэрч дуудах сонсголын талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдсан. Энэ хүрээнд түр хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байсан.
Түр хороонд харъяалагддаггүй гишүүд оролцохгүй. Мөн иргэд олон нийт чөлөөтэй оролцох нь хориотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч нар оролцохгүй.
Одоогийн байдлаар 300 гаруй хүнийг гэрчээр дуудах тооцоолол гарсан. Гэрчүүдэд мэдэгдлийг хүргэж, гэрчээр дуудах ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна.
Хянан шалгах түр хороо нээлттэй сонсголын тов, асуудлын дарааллыг тогтоосон. Сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наядын төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчээс асууж, нотлох баримтыг шинэжилнэ.
Мөн хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл арга хэмжээний үр дүн, ашиглалт, зарцуулалтын талаар ярилцана. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг сонсоно.
Үүний дараа гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно гэсэн гурван үе шаттайгаар явуулна" гэв.
Д.Батчулуун