УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг 2016 онд өргөн барихад анхны хуулийн төсөл дээрээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй өөрийн хөрөнгөтэй байна гэж заасан. Тухайн үеийн ханшаараа 200 гаруй сая ам.доллар байлаа. Өнөөдрийн ханшаар 140 сая руу унаж байна. Өөрийн хөрөнгөөс гурав дахин нэмэгдүүлэхгүй гэхээр банкууд орж ирэхгүй гэж байна. 200 тэрбум гэж заавал 600 тэрбумаас дээш олохгүй болж байна.
Худалдаа хөгжлийн банк намайг Банкны тухай хууль ярьж байхад нэг их наяд төгрөгний цоорхойтой байсан. Эрдэнэтийг хувьчлахын тулд янз янзын компаниуддаа зээл гаргасан байсан. Буцаагаад төртэй тохирсон учир цоорхой нь багасч байгаа байх. Бас Голомт банк 700 тэрбум төгрөгний цоорхойтой, хий бичилттэй байсан. Одоо бүр нэмэгдсэн байх.
Яагаад гэвэл төмөр замыг өөрсдөө санхүүжүүлэх зарчмаар хий бичиж байгаа. 200 тэрбум гэвэл 600 тэрбумын зээл л гаргах юм байна. Хөгжлийн банкнаас долоон дор юм болж байна.
Хөгжлийн банк 800 тэрбум төгрөгний өөрийн хөрөнгөтэй. Үүнийгээ найм дахин гаргах хуулийн заалттай. 6.4 их наяд төгрөгийг нэг төсөл дээр гаргах боломжтой. Гэтэл Хөрөнгө оруулалтын банк гэчээд Монголбанканд хөрөнгөө мэдүүлээд байж болохгүй. Энэ Хөрөнгө оруулалтын банк болохгүй. Дүрмийн санг миний санал болгосноор 500 тэрбум гэж тавих хэрэгтэй. Эсвэл гурав дахин гэдгээ ихэсгэх хэрэгтэй. Хөгжлийн банкнаасаа долоон дор Хөрөнгө оруулалтын банк болчихлоо" гэв.
Д.Батчулуун