УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хувийн банк гээд сайн болно гэсэн үг биш. Үнэт цаас, иргэдийн хөрөнгөөр босгоод дараа нь асуудал үүсвэл хариуцлагыг нь төр л хариуцна. Гадны зээлийг нь Монгол Улс л хариуцна. Хувийн гээд хаяж болохгүй.
Нөгөө талаараа одооны арилжааны банкууд нэг сул тал бий. Бүх төрлийн бизнес рүү ордог. Зоогийн газар ч байсан ордог. 65 тэрбумын зээлийн хөнгөлөлтийг тэд нар эдэлж байгаа. Бусдын бизнесийг булааж байгаа. Найман нэрийн барааны дэлгүүр дампуурч байгаа чинь энэ шүү дээ.
Хөрөнгө оруулалтын банк дээр хязгаарлалтыг нарийн хийж өгөх хэрэгтэй. Хамгийн бага хүүтэй зээл аваад хамаг бизнесийг хөрөнгө оруулсан гэх нэртэй нөхдүүд чинь компаниудаараа дамжуулаад дуусгана. Яаж гурван хувийн зээлтэй хүнтэй 10 гаруй хувийн зээлтэй хүн өрсөлдөх юм бэ? Төмөр зам хүртэл барьж байна. Бүгд л хуулийн дагуу эмх журамтай баймаар байна" гэв.
Д.Батчулуун