Өвөлжилтийн байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр " УОК-оос наймдугаар сарын 9-ны өдөр зуншлага тааруу байсан 11-н аймагт гангын эрсдэлийн ерөнхий үнэлгээг, аравдугаар сард 11-н аймагт зудын эрсдэлийн үнэлгээг тус тус хийсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар салбарын яам, орон нутгийн удирдлагын мэдээллийг УОК-ын хуралдаанаар сонсож, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Төв аймгийн зарим сумдад тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Цаашид баруун болон говийн аймгуудад ажиллахаар төлөвлөж байна.
УОК-оос аймгуудад нийт 1171 тонн өвс, 8000 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Урьдчилсан мэдээллээр 21,8 мянган өрхийн 9,5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн. Отроор өвөлжих өрх, малын тоо өнгөрсөн оноо 2,2 мянган айл өрх, 1,1 сая малаар өссөн дүнтэй байна.
Өвөлжилтийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Нийт нутгийн 60 шахам хувьд зудын эрсдэл маш өндөр, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй, 10 гаруй хувьд нь бага эрсдэлтэй байна. 11,9 мянган өрх, 5,5 сая мал отроор өвөлжиж байна. Зудын эрсдэл нэмэгдэх аймаг сумдын тоо цаашид өсөх хандлагатай байгаа" гэв.
Д.Батчулуун