УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан. Хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа.
УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа" гэв.
Д.Батчулуун