УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр “Ирэх оны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэдэг бол иргэдэд ямар сигнал өгөх вэ, эдийн засаг хаашаа явах вэ гэдэгт асар чухал бодлогын баримт бичиг юм. Ирэх оны төсөв гадаад дотоод эрсдэлт байдал, сөрөг байж болох эрсдэлийг тооцоолоогүй, үл тоосон, улс орныг дефолтын байдал руу алхах үүд хаалгыг нээж өгсөн. Ядуурал руу, үнийн өсөлт рүү чиглэсэн мөнгөний төсөв болж батлагдаж байна. Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг нь зүгээр нэг цаас боллоо. Төсвийн дараагаас мөнгөний бодлогыг чанартай батлах, улсын төсвийн тогтвортой байдлын хууль болон бусад зүйлүүдээ даган мөрдөхөд юу шаардагдах зэрэгт ажиллах шаардлагатай байна.
УИХ дахь ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс удаа дараа байр сууриа илэрхийлж, үүнийгээ зогсоогооч хэмээх саналыг гаргаж байна.Тиймээс энэ удаагийн УИХ-ын төсвийг эцэслэн батлахад АН-ын бүлгийн гишүүд оролцох боломжгүй. Гэхдээ олонхоороо батлагдаад явна” гэв.
Д.Батчулуун