УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Коронавирусийн хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болохоор ипотекийн зээл төлөгдөх ёстой. Ипотекийн зээлийн төлөлт явагдахгүй бол цааш энэ зээл олгогдох асуудал хүндэрнэ. Эх үүсвэргүй болно. Тиймээс ипотекийн зээл явах ёстой. Гэхдээ хөдөө орон нутаг руу ипотекийн зээлийн бодлогыг чиглүүлвэл яасан юм бэ?
Хамгийн алс орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, малчид, сумынхандаа ипотекийн зээл авах боломжийг нээж өгөх ёстой гэж харж байгаа юм. Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжиж байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ гээд бид нар хөнгөлөлтүүд өгсөн.
Ипотекийн зээлийг сум, аймаг, Улаанбаатар гэсэн эрэмб, дараатай явуулбал нийслэлийн түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхэд, Улаанбаатар руу чиглэсэн нүүдэл суудлыг сааруулах чиглэлд үр дүнтэй ажиллах болох болов уу гэж харж байгаа юм. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх нь зөв. Ипотек зээл авсан 100 гаруй мянган өрх байна. Цаашид авах сонирхолтой 200-300 мянган айл өрх байгаа. Энэ өрхүүд Улаанбаатар, аймгийн төв, сум сууринд байгаа. Тиймээс эхний ипотекийн зээл авсан хүмүүс дараагийн зээл авах гэж буй хүмүүстээ боломж олгож, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун