УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Хоёр асуудал байнгын хороон дээр тавьсан. Эхний асуудал бол УИХ-ын тогтоол өрийн баталгаа гаргахтай холбоотой асуудал байгаа юм. Хөгжлийн банкны өрийг Засгийн газар өрийн баталгаа гаргаж төлье гэж байна. Энэ батлагдах тийшээгээ орж байна.
Энэ бол зээл төлөхгүй байх сонирхлыг бий болгоно.
Улстөрчид нь өөрийн хүмүүсээ томилж байгаад зээл авчихдаг юм байна гэж харна. Энэ засгийн газрын баталгаа, өрийн асуудал гаднаас асар өндөр хүүтэй бонд гаргаж зээлийг төлнө. УИХ үүнийг батлах гээд байж байна.
Хоёрдугаарт, арван их наядын хөтөлбөр гээд улстөрчид нь арилжааны банкнуудаас зээл аваад хүүгийн зөрүүд 60 тэрбум төгрөгөөс авах магадлал байна гэж хараад байгаа юм. Ийм яриа ч байна. 60 тэрбум төгрөг гэдэг бол хуучин жижиг дунд үйлдвэрийн сангийн нэг жилийн санхүүжилт байсан. Үүнийгарилжааны банкнуудад өгсөн зээлийн хүүд өгч байна. Ажлын хэсэг гаргаад энэ асуудлыг шалга. Би ахлаад ажиллая гэвэл бэлэн байна” гэв.
Д.Батчулуун