УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “2005 оноос хойш Монгол Улсад төсвийн сахилга бат байхгүй болсон. Оруулж ирсэн бүх мөнгөө тараачихдаг. Энэ хүлээлт эдийн засгийг халаачихсан. Эдийн засаг халаад цаашид болохгүй юм байна гээд төсвийн хүрээний мэдэгдэл гэх бичиг баримт хийсэн. Гэвч энэ одоо зүгээр нэг цаас болчихлоо. Байнга өөрчлөгдөж байдаг, ямар ч нөлөө байхгүй болчихсон.
Олон улсын байгууллага, санхүү мөнгө босгоход хоёрхон бичиг баримт үзүүлдэг.
- Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол ихэвчлэн мөрөөдлийн жагсаалт байдаг.
- Хоёр дахь нь төсвийн хүрээний мэдэгдэл байдаг.
Сангийн яамныхан төсвийн бодлогыг авч явж чадах юм уу? Төсвийн хүрээний мэдэгдэлд алдагдал нэмэгдээд яваад байна. Нэг ширхэг цахилгаан станц барих эх үүсвэр байхгүй, газар доор дэд бүтцийн санхүүжилт хийх төсөв байхгүй болчихсон. Монгол Улсын төсөв халамж санхүүжүүлдэг, цемент зуурдаг төсөв болчихлоо. Урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэг нь халамж. Мөн дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаагаар зарчих. Үүнийг сангийн сайд, сангийн яамныхан маш сайн мэдэж байгаа. Зардлаа хязгаарлах ажлыг одооноос хийхгүй бол Монгол Улс дампуурлаа” гэв.
Д.Батчулуун