УИХ-ын Хянан шалгах түр хороо Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох асуудлаар хуралдлаа. Хуралдааны эхэнд Гаалийн байгууллагаас экспортын нүүрсэнд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар өглөө.
Тэрбээр “Гашуунсухайт” боомтоор экспортолж буй нүүрсний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжтай шалгалт хийх, Бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хөрш БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албатай тогтмол мэдээлэл солилцон ажиллаж, илэрсэн зөрчлийг тухай бүр шийдвэрлүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг танилцуулсан.
Хяналт шалгалтуудаар
- нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй,
- нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай,
- тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй,
- гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон,
- нүүрс тээвэрлэлтийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон зэрэг хууль бус үйлдлийн материалуудыг зургаан удаагийн албан тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн.
Эрүүгийн Цагдаагийн газраас зарим материалуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зарим хэргийг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлсэн тухай хариу мэдэгдэж байсан" гэв.
Гаалийн байгууллагын танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Хууль бусаар хил дамжсан нүүрсний хулгайн асуудал илэрсэн нь танилцуулга, мэдээллээс харагдаж байна. Гэтэл яагаад тогтоогдохгүй байна вэ" гэв. Түүний асуултад Цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд “Гашуунсухайт” боомтоор 2010 оноос 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний мэдээлэл, бичиг баримтуудад хяналт шалгалт хийсэн гаалийн байгууллагын ирүүлсэн материалын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэв.
Боомтын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ц.Эрдэнэбаяр бөмбөлөг тээвэрлэлтийн талаар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хилийн боомтын төмөр замын тээврийн өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийлээ.
Цаашдаа, тухайлбал бөмбөлөг тээвэрлэлт зайлшгүй шаардлагатай эсэх, хил дээрх ПГУ шинжилгээний зохион байгуулалттай холбоотой ээдрээтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, хил, гааль дээр тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг үнэн зөв тогтоох, өмнө нь хаагдсан нүүрсний хууль бус тээвэрлэлттэй холбоотой хэргийг дахин шалгах, одоо шалгагдаж буй хэргүүдийг удаашруулахгүй шийдвэрлэх талаар зэрэг өргөн хүрээнд нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж байна гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)