Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр " Хэмнэлтийн хуулийн хүрээнд Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогсоох шийдвэрийг гаргалаа. Тус байгууллагад Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг ресторон, кофе шоп, хэвлэх үйлдвэр хамаардаг. Цаашид тус газар зөвхөн түрээсийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах албан байгууллагуудыг төр болон хувийн хэвшлийн оролцоотой ажлын хэсгээс сонгоно.
Мөн өнөөдрийн хуралдаанаар зөвшөөрлийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Иргэдийн зүгээс хэтэрхий олон зөвшөөрөл авах шаардлагатай байна. Үүнийг дагаад хүнд суртал бий болж байна гэдэг шүүмжлэл ирж буй. Зөвшөөрлийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийг боловсруулж УИХ-д өргөн барихаар боллоо.
Эдийн засгийн хөгжлийн яамны байртай холбоотой асуудал цахим орчинд цацагдаад байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулагчдыг татах нүүр царай болсон яам байдаг.
Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдын татах, тус яамны үйл ажиллагааг тасалдуулахгүй үргэлжлүүлэх зорилгын хүрээнд Засгийн газрын арваннэгдүгээр байрны 1-6 давхарт Эдийн засгийн хөгжлийн яамыг нүүлгэн шилжүүлэхээр болсон" гэв.
Д.Батчулуун