УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Дорхжхандын асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар харилт өглөө.
Тэрбээр "Ирээдүйн өв сангийн тухай хууль зөвхөн 2023 онд хэрэгжихээр оруулж ирсэн. Эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдье гэж үзээд нэг жил үйлчлэхээр заасан.
Санд 2.4 их наяд төгрөг хэвээр байгаа. Хэрэглэчихсэн юм шиг хүмүүс ярьж байна лээ. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьж ирсэн.
2023 онд Самурай бонд, евро бонд төлөгдөх ёстой. Иений ханш доошоо унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь тактикийн хувьд зөв. Евро бондын асуудлыг сангийн яам боловсруулж оруулж ирсэн. Хөгжлийн банкны евро бондыг дефолт болгоод хаявал болно. Гэхдээ бид олон улсын үнэт цаасны зах зээл дээр бага хүүтэй бонд босгох боломжгүй. Гадаад орчинд Хөгжлийн банк буюу төрийн банк нь авсан зээлээ эргүүлж төлөөгүй учраас бондыг нь битгий ав гэнэ. Энэ бонд 2023 оны аравдугаар сард төлөгдөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолд шаардлагатай бол гэж оруулж ирсэн. Засгийн газар бүхий л арга чадлаараа ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун