УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Гутранги хүмүүсээр тоо бүү бодуул гэж үг бий. 2023 оны төсвийн орлогыг нэмээд алдагдалгүй баталчих боломж бий. Ингэвэл валютын ханш тогтворжино, инфляци буурна. Далд эдийн засгийг 200 тэрбумаас олно гэж байгаа.
Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгөөс орж ирэх мөнгийг бууруулсан. Нүүрсний зах зээл дээр бөөн хулгай байгаа. Дэлхийн зах зээл дээрх үнэд хүргэж худалдахаар 700 гаад тэрбум төгрөг орж ирэх боломжтой.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 564 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байгаа. Зарим компанийн захирал 3-4 жип уначихсан асар тансаг байна. Орлогыг нь тодорхойлох боломжгүй аж ахуйн нэжүүдээс орлого төвлөрүүлэх асар их боломж байна. Эрдэнэтийн овоолгыг худалдъя. Урьдчилаад хийсэн гэрээ, нууц гэрээнүүдээ засах хэрэгтэй. Сангийн яамнаас ингээд ороод ирэхээр ажлын хэсэг дээр засах боломж байаггүй юм байна" гэв.
Д.Батчулуун