“Эрдэнэс Тавантолгой”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш найм хонож байна. Энэ хугацаанд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тамга тэмдгээ БЭТ-д шилжүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н дөрвөн ч эрх мэдэл бүхий албан тушаалтанг ажлаас нь чөлөөлсөн. Энэ бол нүдэн дээр ил болж байгаа, хэвлэл мэдээллээр нээлттэй зарлаж байгаа мэдээлэл.
Харин “Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ томилж, Гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хязгаарлахтай холбоотойгоор улс төрд хөшигний ард олон үйл явдал өрнөж байгаа. Тэдний нэг нь Б.Ганхуягийг албан тушаалд нь, эрх мэдэлтэй нь үлдээж өгөөч гэж УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хандсан гэх мэдээлэл.
Энэ гишүүдийн нэг нь А.Адъяасүрэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. “Номгон санчир” группээр овоглодог А.Адъяасүрэн гишүүн нүүрсний тээвэртэй сиамын ихэр шиг л холбогддог. УИХ-д нэр дэвших үедээ 100 мянган ам,долларын авлигын хэрэгт нэр холбогдсон түүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч аварсан гэдэг юм.
Хэргийг сөхвөл: 2020 оны гуравдугаар сарын 31-нд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Г гэх хүнээр дамжуулан “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 мянган ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан Б.Адъяасүрэнг яллагдагчаар татсан байдаг юм. Хуулийн байгууллагын тухайн үед өгч байсан тайлбараар А.Адъяасүрэн “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийн хүнд даацын автомашинд С зөвшөөрөл олгуулахын тулд хахууль өгсөн нь нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал оруулаад байсан гэдэг. Ингэж яллагдагч байсан АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч байсан Х.Баттулгатай шадарласны хүчээр гишүүний тангараг өргөн халдашгүй эрхээр хамгаалагдсан. Гэхдээ сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутмаас 60-70 ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулснаа зарласан Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хийсэн мэдээллээс хойш А.Адъяасүрэн гишүүний нэр бас дахин дурдагдах болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүн байгаагийн нэг нь А.Адъяасүрэн” хэмээн зарласан.
Нүүрсний хэргийн бүлэглэл нь зөвхөн нүүрс зарахад оролцдог биш бөгөөд С зөвшөөрөл олгох, Гашуунсухайтын замаар тээвэрлэх, зарах гэсэн асар том сүлжээ байдаг.
“Эрдэнэс Тавантолгой”-н халаа сэлгээ, онцгой дэглэм бол энэ бүхний эхлэл бөгөөд энэ нь С зөвшөөрөл олгодог Автотээврийн үндэсний төвийнхнөөр үргэлжилж магадгүй байна. Ер нь хамгийн олон С зөвшөөрөлтэй машин эзэмшдэг А.Адъяасүрэн гишүүнийг сайн ухвал араас нь Автотээврийн үндэсний төвийн булай бултайгаад л гараад ирнэ.
Ийм учраас л А.Адъяасүрэн гишүүн асар зориг гарган Б.Ганхуягийг эрх мэдэлтэй нь авч үлдээхээр Ерөнхий сайдын хаалгыг тогшсон гэсэн үг.
О.Балдан-Очир