Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хуралдаан хийсэн. Энэ хуралдааны ганц онцлог бол анх удаа өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд батлагдсан Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулсан. Шинэ дүрмийн хүрээнд ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг хийж байгаа. Цаашид бид УИХ-ын чуулганы явц, байнгын хороодын ажлын явцад Ардчилсан намын бодлогын хороо хуралдаж хяналт тавих чиглэлээр ажиллана.
Мөн улс төрийн гол намын хувьд улс төрийн үйл ажиллагааг давхар явуулна.
Намын үндэсний бодлогын хорооны намрын үндэсний бодлогын хороо нээлттэй, мэтгэлцээнтэй болж өндөрлөлөө. Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны даргаар Д.Ганбатыг сонгож томилсон байгаа. Мөн Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэг, н.Эрдэнэсувд нарыг баталсан. Үндэсний бодлогын хорооны 11 байнгын хорооны дарга нар батлагдсан. Мөн холбогдох журмууд дээр хэлэлцүүлэг явуулж батлуулсан.
Мөн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг авч үзсэн. Үүнд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга нар шүүмжлэлтэй хандсан. 2023 оны улсыг төсвийг 2024 оны сонгуулийн төсөв болгон оруулж ирж байна хэмээн харсан. Тиймээс энэ бол 100 хувь боломжгүй төсөл гэсэн дүгнэлт гаргасан. Төсвийн төслийг бүхэлд нь татан авах болон хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. Цаашид төслийг хүлээн авахгүй, төсөв дээр гарсан алдаа завхарлаа засахгүй юм бол Ардчилсан нам цаашид идэвхтэй тэмцэлд шилжин ажиллах болно” гэв.
Д.Батчулуун