БАРИМТ 1
Оросын Холбооны улс нь 17.098.246 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Зүүн Европ болон Ази тивийн зүүн хойд хэсгүүдэд зэрэг харьяалагддаг орон. Тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба дэлхийн нийт хуурай газрын наймны нэгийг дангаараа эзэмшдэг.
БАРИМТ 2
Орос улс баруунаас зүүн тийш сунасан маш том газар нутагтай тул тус улсад нийт 11 өөр цагийн бүс багтдаг ба нийт 16 бүрэн эрхт тусгаар тогтносон улстай хиллэдэг. Дэлхий дээрх хамгийн олон улстай хиллэдэг тус улстай манай Монгол улс хойд талаараа хиллэдэг гэдгийг та бүхэн сайн мэдэх байх.
БАРИМТ 3
Орос улсын хүн амын нийт тоо хамгийн сүүлд хийгдсэн 2022 оны тооллогоор 145.478.097 байсан бөгөөд тэдний 81 хувийг орос, 4 хувийг татар, 1.4 хувийг украин, 1 хувийг чечен үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт оросуудын 47.4 хувь нь христийн шашныг шүтдэг бол 38 хувь нь ямар ч шашин шүтдэггүй.
БАРИМТ 4
Орос улс нийт хүн амын тоогоороо Европ тивийг тэргүүлдэг ба дэлхийд есдүгээр байранд жагсдаг. Мөн тус улсын нийслэл болох Москва хот нь улсынхаа төдийгүй Европ тивийн хамгийн том хот юм. Москва хотын араас жагсах хоёр дахь том хот нь Орос улсын соёлын төв гэгддэг Санкт-Петербург хот.
БАРИМТ 5
Дэлхийн хамгийн урт үргэлжилдэг төмөр зам Орос улсад байдаг. Москвагаас Владивосток хүртэл үргэлжилдэг Транссиберийн төмөр замын нийт урт нь 9289 километр ба Орос-Монгол-Хятад гэх гурван орны газар нутгийг дамнан байрладаг. Галт тэргээр аялах дуртай хүмүүс уг замаар аялж үзэх хэрэгтэй.
БАРИМТ 6
Дэлхийн яруу найргийн хөгжилд оросын яруу найрагчид томоохон нөлөө үзүүлсэн. Тэдний захаас жишээ болгон дурдахад Александр Пушкин, Александр Солженицын, Иван Тургенев, “Гэмт ба Шийтгэл” романыг бичсэн Фёдор Достоевский, “Дайн ба Энх” романыг бичсэн Лев Толстой гэх мэт сүрдэм нэрсээр үргэлжилнэ. Мөн Москва болон Санкт-Петербург хотуудад эдгээр алдартай яруу найрагчдад зориулсан цөөнгүй музей байдаг.
БАРИМТ 7
Орос улсын тухай хамгийн сонирхолтой баримтуудын нэг бол тус улсад идэвхтэй буюу өнөөдрийг хүртэл дэлбэрэх боломжтой 12 галт уул байдаг байна. Эдгээр галт уулс дундаас 1,000 гаруй төрөл зүйлийн ургамал ургадаг Камчатка галт уул жуулчдын дунд нэлээд алдартай. Учир нь уг галт уул руу очих зам бусдыгаа бодвол саад бартаа багатай байдаг гэнэ.
БАРИМТ 8
Орос улсын нийт газар нутгийн 77 хувийг Сибирь бүрдүүлдэг. Улсын хойд хэсгийг ийнхүү бүрхдэг Сибирь нь маш хүйтэн уур амьсгалтай тул орос улсын нийт хүн амын дөнгөж 20 хувь нь уг нутаг дэвсгэрт амьдардаг. Цаг агаарын хувьд Канад улстай нэн төстэй Сибирийн бүсэд хүн амьдардаггүй маш их талбай бий.
БАРИМТ 9
Оросууд бол мухар сүсэгт нэлээд итгэдэг ард түмэн. Тэд нэг нэгэндээ зөвхөн сондгой тооны цэцэг өгдөг ба тэгш тооны цэцэгтэй цэцгийн баглааг оршуулгын ёслолд зориулж авдаг юм байна. Мөн тэд инээмсэглэл нь сул дорой шинж чанарын илрэл гэж үздэг тул хүүхдүүддээ инээмсэглэхгүй байх чадварыг зааж сурган өсгөдөг гэнэ.
БАРИМТ 10
Та бидний сайтар танил болох “Тетрис” тоглоомын анхны загварыг 1984 онд Алексей Пажитнов гэх орос программист бүтээж байжээ. Тухайн жилдээ уг тоглоом Орос улсад маш их амжилтыг олсон тул 1987 онд Европ болон Хойд Америкийн улсуудад нээлтээ хийж дэлхийн хамгийн алдартай видео тоглоомын нэг болох эхлэлээ тавьсан.
БАРИМТ 11
Орос улсын нийт хүн амын 54 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Энэ нь 145 сая хүн амтай орны хувьд хүйсийн маш том зөрөөтэй байгааг илтгэж байна. Уг хүйсийн зөрөө нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр 25 сая орос цэрэг амиа алдсанаас хойш ихсэж эхэлсэн бөгөөд дайны дараа ч цаг уурын хүнд нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаас зайлсхийх, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх гэх мэт шалтгаануудаас болж орос эрчүүд улам богино наслах болсон.
БАРИМТ 12
Дэлхийн нийт моддын 20 хувь нь Орос улсад харьяалагддаг. Өөрөөр хэлбэл Орос улсад 640 тэрбум мод байдаг гэсэн үг. Эдгээрийн нэлээд хэсэг нь хүн амьдардаггүй Сибирийн алслагдсан бүсүүдэд байдаг. Мөн тус моднууд нь устаж үгүй болох аюулд өртөөд буй сибирийн бар гэх сүрлэг амьтны орон гэр болдог.
БАРИМТ 13
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Монгол улсад байдаг бол дэлхийн хамгийн хүйтэн тосгон Орос улсад байдаг. Өвлийн улиралд Орос улсын Оймякон гэх тосгоны температур Цельсийн -50 хэм хүртэл буурдаг ба бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн температур нь Цельсийн -71 хэм байдаг аж. Уг тосгонд амьдардаг иргэд гадагшаа гарахдаа нүдний шил зүүж чаддаггүй ба хэрэв зүүх гэж оролдох юм бол шил нүүр хоёр нь наалдан хөлддөг гэнэ.
БАРИМТ 14
АНУ-ын Аляск муж нэгэн цагт Орос улсын эзэмшил газар нутаг байсан. Гэвч 1897 онд Орос улс Канадын их газрын баруун хэсэг дэх хүн бага амьдардаг газар нутгаа АНУ-д дөнгөж 7.2 сая ам.доллараар (инфляцыг тооцож үзвэл өнөөдрийн 120 сая ам.доллартай тэнцэнэ) зарж байсан түүхтэй.
БАРИМТ 15
Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур болох Байгаль нуурыг та бүхэн сайн мэднэ. Нэгэн цагт Монгол улсын газар нутагт багтдаг байсан уг нуур нь Сибирийн бүсэд харьяалагддаг ба дэлхийн нийт цэвэр усны 23 хувийг өөртөө багтаадаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх цэнгэг устай нууруудыг нийлүүлсэн ч Байгаль нуураас бага усны хэмжээтэй байх юм.
БАРИМТ 16
879 онд байгуулагдсан Киевийн Орос бол одоогийн Орос улсын үндэс суурь болсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа томоохон өөрчлөлтөд орж явсаар 1721 онд Оросын эзэнт гүрэн байгуулагдсан ба 196 жилийн дараа буюу 1917 онд хаант засаглал нуран унаж 1922 онд Зөвлөлт Холбоот улс байгуулагдсан.
БАРИМТ 17
Зөвлөлт Холбоот улс 1991 онд бутран унасны дараа Оросын Холбооны улс 1991 онд байгуулагдаж 1993 онд одоогийн үндсэн хуулиа баталсан. Мөн тэд 1999 онд Беларусь улстай албан ёсоор холбооны улсууд болсон. Орос улс дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд зургаадугаар байранд жагсдаг бол хүний хөгжлийн индексээрээ 52-аар байранд жагсдаг. Европ тивийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад тийм ч өндөр үзүүлэлт биш юм.
БАРИМТ 18
Орос улс байгуулагдсан цагаасаа хойш бараг л бүх дайн тулаануудад ямар нэгэн байдлаар оролцсоор ирсэн ба түүхийн уртад гурван удаа дайсандаа эзлэгдэж байсан. 13-аар зуунд Бат хаанаар удирдуулсан монголчууд, 1812 онд Наполеон Бонапартаар удирдуулсан францчууд, 1941 онд Адольф Гитлерээр удирдуулсан нацист германчууд Орос улсыг эзэлж байсан удаатай.
БАРИМТ 19
Орос улсын төрийн далбаа цагаан, цэнхэр, улаан өнгийн гурван ширхэг ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг. Цагаан өнгө нь язгууртан болон илэн далангүй байдлыг, цэнхэр өнгө нь үнэнч шударга байдлыг, улаан өнгө нь эр зориг, өгөөмөр сэтгэл болон хайр дурлалыг бэлгэддэг.
БАРИМТ 20
Орос улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. 1960 оны Европын АШТ-д Зөвлөлт Холбоот улсын үндэсний шигшээ баг түрүүлж Европ тивийн анхны аваргууд болж байсан түүхтэй. Оросын лигт ЦСКА-Москва, Спартак Москва, Зенит Санкт-Петерсбург гэх мэт хүчирхэг багууд байдаг ба тус улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутаг дээрээ амжилттай зохион байгуулж шилдэг найман багийн нэгээр шалгарч түүхэн амжилт тогтоосон.
БАРИМТ 21
Гэхдээ дэлхийн тавцанд орос тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүд бол уран гимнастик, чөлөөт бөх, мөсний хоккей, уран гулгалт болон шатар юм. Харамсалтай нь Орос-Украины дайнаас болж ихэнх спортын олон улсын холбоонууд орос тамирчдын олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байгаа.
БАРИМТ 22
Сансарт ниссэн анхны хүн болох Юрий Алексеевич Гагарин нь Зөвлөлт Холбоот улсын баатар, орос сансрын нисгэгч билээ. Тэрбээр 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Восток-1 хөлгөөр 27,400 километр цагийн хурдтайгаар 108 минутын турш дэлхийг тойрон задгай сансарт байсан. Тухайн үед АНУ-тай сансрын программаараа өрсөлддөг байсан Орос улс одоо ч гэсэн энэхүү салбарт дэлхийд тэргүүлэг ч орнуудын нэг.
БАРИМТ 23
Дэлхийн газрын зургийн хоёр захад байрладаг АНУ болон Орос улсууд хоорондоо дөнгөж дөрвөн километрийн зайтай. Хэрэв та уг баримтад итгэхгүй байвал дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг санаарай. Орос хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний 70 хувь нь хуучин удирдагч Иосиф Сталиныг Оросын түүхэн дэх хамгийн чухал хүнээр нэрлэсэн.
БАРИМТ 24
Дэлхийн хамгийн цэнгэг нуур Орос улсад байдаг бол, дэлхийн хамгийн их бохирдолтой цэг ч гэсэн Орос улсад байдаг юм байна. Өмнөд Уралын уулсын дунд орших Карачай нуур нь дэлхийн хамгийн аюултай газраар нэрлэгддэг ба 1950-аад онд ойролцоох Маяк цөмийн үйлдвэрийн цацраг идэвхт хаягдлууд уг нуур луу хаягдсан гэгддэг. Хэрэв та уг нуур луу очих юм бол нуурын цацрагаас болж нэг цагийн дотор үхэх болно.
Сэтгэгдэл (1)