Нийтийн тээврийн богино эргэлтийг өргөжүүлэн нэвтрүүлэх талаар иргэдийн дунд сонсох ажиллагаа зохион байгуулж байна. Энэ үеэр Хотын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Яамгүй сайд учир олон яамдын уулзварт "зохицуулах" ажил хийнэ. Тэрнээс биш замын уулзвар дээр зохицуулагч хийнэ гэж байхгүй. Нэг хэсэг нь замын уулзвар зохицуулах ёстой, нөгөө хэсэг нь сургууль цэцэрлэгийг нүүлгэх ёстой гээд байгаа юм. Ингэснээр түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй.
Би 315 тэрбум төгрөгөөр автобус авъя гэж санал тавьсан хүн биш. Улсын төсөв баталсны дараа сонгон шалгаруулалт хийж, хийх ёстой хүмүүс нь хариуцаж хийнэ. Ж.Сүхбаатар гэдэг хүн цавчаа хийх гэж байна гээд байгаа юм. Ингэж хандаж болохгүй л дээ. Би авлига албан тушаал гэдэгт оролцдоггүй хүн. Үүнийг иргэд хянаад явах нь зүйтэй.
Ирэх жил парк шинэчлэлийн ажлын дуусгахгүй бол түгжрэлийн асуудал шийдэгдэхгүй. Автобусны хүрэлцээ муу байгаа учраас том хэмжээний маршрутыг өөрчилж чадахгүй байна. 124 чиглэлд 1432 автобус хэрэгтэй байгаа юм. Одоо 101 чиглэлд 985 автобус явж байна. Явж буй автобуснуудын 30 хувь нь төрийн мэдлийнх, 70 хувь нь хувийн хэвшлийнх. Тиймээс энэ асуудлууд дээр бодлого зохицуулалтыг өөрчлөх шаардлагтай хэмээн үзэж байна.
Улсын төсөвт оруулж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Өмнө нь мэдээлдэггүй байсан. Би түгжрэлийн эсрэг менежмент хариуцаж буй сайд гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун