Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаас гарч унасан талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбауогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд галт тэрэгний осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр зам руу ачаа хүргэхээр явж байсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан. Тухайлбал, Дорноговь Улаанбадрах сумын нутагт байрлах Зүүнбаян өртөөнөөс 11:30 минутад хөдлөөд 75 километрийн зайд Хулангийн шанд зөрлөг дээр 12:20 цагийн үед осол гарсан байна.
Цуваанд нийт 17 галт тэрэг явж байсан. Үүнээс 14 нь төмөр замын рейс төмөр, гурав нь төмөр бетон дэр ачсан байсан. Эдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр зам барьж буй бүтээн байгуулалтад зориулагдах ачаа байсан. Дотор нь гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлж замаас гарсан. Галт тэргийн жолооч согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллага шалгаж байна.
Олон төмөр зам бий болсон. Төмөр замын бодлого, нэгдсэн тогтолцоо болон хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)