Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.
Н.Учрал нь Монгол Улсын Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан, 2018 онд УИХ-д анх удаа Цахим бодлогын түр хороог байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. Мөн 2020 онд шинээр бүрдсэн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, даргаар нь Н.Учралыг томилж байсан юм.
Энэ хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах, таван хуулийг батлуулсан байдаг. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Виртуал хөрөнгийн тухай хуулийг тус, тус батлуулсан.
Цаашид тэрбээр эдгээр хуулиудыг дагалдах 37 журмуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (2)