Монгол Ардын намын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлсэн. АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр хамгаалсан түүний хувьд өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрийн хуудас, “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрийн дунд хугацааны зорилт болох “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг боловсруулах ажлыг удирдан ажилласан. Улс төрийн туршлага хуримтлуулахаас илүүтэй төрийн бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх чиглэлд мэргэшсэн Э.Болормаагийн хувьд өмнө нь Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан туршлагатай.
Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд болон түүний багийн ард бодлого тодорхойлж, хөгжлийн загварыг боловсруулах чиглэлд ажилласнаас өөрөөр олон нийтийн өмнө ил гарч, асуудлын төвд өөрийгөө тавьж, сурталчилсан удаагүй. Тиймээс ч олон нийтийн зүгээс Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй зэрэгцэн гайхах, эргэлзэх, танилцах, эсэргүүцэх зэрэг нөхцөл байдал үүссэн нь гайхах зүйл биш юм. Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөх хэмээх гүйцэтгэх засаглалын гол ноён нуруу болсон нэр хүндтэй албан тушаалаас Ховд аймгийн Засаг даргаар ажиллах амаргүй сонголтыг хийх болсны тухайд аймгийн ИТХ-ын үеэр тэрбээр “Ховд аймгийн хөгжил гэдэг бол орон нутгийн хөгжил.
Орон нутгийн хөгжил гэдэг Монгол Улсын хөгжил. Иймд Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллах үүрэг даалгавар авч, амлалт өгч байж Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшсэн. Надад хөдөө орон нутгийн хувьд мэдэхгүй, магадгүй чадахгүй ажил олон бий. Гэхдээ та бүхэнтэй тэр болгоныг таньж мэдэж, хийж бүтээхийн тулд хамтдаа зүтгэхэд бэлэн байна.
Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн нэг тулгуур бүс нь миний хувьд ч, Засгийн газрын хувьд ч Ховд аймаг гэж харж байгаа. Баруун бүсийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг яаравчлах хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрлэл, нутгийн брэнд бүтээх чиглэлд амжилттай ажиллах, гадагшаа зах зээл тэлж, өргөтгөх, холбож хөгжүүлэх боломж дүүрэн байна” хэмээн тайлбарласан.
Эндээс харахад Ховд аймгийн Засаг даргын албан тушаал Э.Болормаагийн хувьд МАН-ын Удирдах зөвлөлөөс оноож үүрэгдсэн бус онож хаших албан тушаал нь байх бололтой юм. Учир нь, нэгэнт хөгжлийн бодлогыг тодорхойлсон хүний хувьд түүнийгээ хэрэгжүүлэх орон нутгийг онож сонгохыг хувь хүнийхээ хувьд үүрэг хэмээн бодсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч аймгийн Засаг даргаар анх удаа эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэн нь МАН-ын Удирдах зөвлөлийн хувьд хүний нөөцийн шинэчлэл байгаад зогсохгүй дэлхийн нэр хүндтэй байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх засаглалынхаа гол тулгуур хүчийг илгээсэн нь Монгол Улсын баруун хязгаарын хөгжлийг хурдасгах, түлхүүрдэх зорилготойг нь илэрхийлж буй хэрэг биз ээ.
Э.БОЛОРМАА УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭВ ҮҮ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Э.Болормааг МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хамгийн сонирхолтой нүүдэл байлаа. Учир нь, өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргад эмэгтэй нэр дэвшигчийг тодруулж, дэмжиж байсан тохиолдол МАН-ын түүхэнд байхгүй. Тэр дундаа, Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг дэлхийн нэр хүндтэй олон улсын байгууллагад ажиллаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрийн хуудас болсон “Шинэ сэргэлт” дунд хугацааны хөгжлийг бодлогыг тодорхойлсон ахлах зөвлөхөө хөдөө орон нутаг, тэр дундаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллуулахаар санал болгоно гэдэг яах аргагүй тааварлашгүй улс төрийн шийдвэр.
Э.Болормаагийн хувьд харин энэ саналыг таатайгаар хүлээж авч, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж хэмээн харж буйгаа тус аймгийн ИТХ-ын үеэр тайлбарласан. Эндээс харахад дэлхийн карьераа орхиж эх орондоо ажиллаж, амьдрах сонголт хийсэн түүний хувьд Ховд аймаг хийж бүтээх шинэ боломж, хөгжлийн бодлогыг хөрсөн дээр нь буулган хэрэгжүүлэх улс төрийн карьерийнх нь шинэ цэг болов бололтой. Иймд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хоёр давхарт дуулиан шуугиангүй бодлого тодорхойлж, Монгол Улсын ирээдүйг зурж суусан Э.Болормаа зөвлөхийн хувьд цаашид улс төрд дуулиантай, бодлогод үгтэй, хэрэгжилтэд хүчтэй ажиллах цаг ирэв бололтой.
Сэтгэгдэл (7)