Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гарган Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэгийг ажлын хариуцлага алдсан хэмээн албан үүргээс нь чөлөөлжээ.
Т.Оюунчимэг нь 2020 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон бөгөөд хотын даргыг УИХ-ын гишүүн байх үед нь 2012-2013 онд туслахаар нь ажиллаж байжээ. Дараа нь нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргаар томилогдсон бөгөөд энэ үедээ шилэн дансаа хөтөлдөггүй, хийсэн гүйлгээнүүдээ “хав дардаг” хэмээн хэл аманд нэлээд өртдөг байв.
Тамгын газрын даргаар томилогдох үед нь ч түүнийг энэ ажлыг хийх туршлага хийгээд чадвар байхгүй хэмээсэн шүүмжлэл их байсан юм. Ийм хэл ам, шүүмжлэл байсан хэдий ч хоёр жил шахам энэ албыг Т.Оюунчимэг хашсан бөгөөд энэ долоо хоногт Засаг даргын захирамжаар түүнийг албан үүргээс нь чөлөөлж байгаа юм байна.
Түүний оронд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар И.Баатархүүг томилжээ. И.Баатархүү нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байв.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (4)