Хэнтий аймгийн Батноров сум долоон багтай, тэр долоон багийнх нь нэг нь Бэрх. Батноровын долдугаар баг нь дээр үед (1954 он) Бэрх уулын баруун хойд үзүүрийн жоншны уурхайг түшиглэн байгуулагдсан уурхайчдын тосгон байв. Өдгөө бол 3000 хүрэхгүй хүн амтай, Батноров сумын долдугаар багийн статустай.
Гэвч энэ багийн “Бэрх хот” хэмээсэн угтах хаалганы зураг өчигдөр сошиал орчинд түгэж олон хэлэлцүүлгийг өрнүүлэв, ихэнх нь шүүмжлэв. Ер нь бол Улаанбаатарт төрсөн ч, Бэрхэд өссөн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг хашиж байгаатай холбогдуулан л зориуд сэвсэн явуулга.
Түүнээс биш Хэнтий аймгийн Батноров сумын долдугаар баг Бэрх нь “Хот” гэсэн статусыг 1994 оноос УИХ-ын 58 дугаар тогтоолоор хэрэглэсээр ирсэн бөгөөд энэ нь тухайн жилээс хэрэгжиж эхэлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу л гарсан тогтоол. Уг хуулийн гуравдугаар зүйлийн 3-т “Улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсний дагуу 1994 онд УИХ-ын тогтоол гарч Бэрх тосгонд “хот” гэсэн статус өгч байжээ.
Энэ үед УИХ-ын даргаар Н.Багабанди, Ерөнхий сайдаар П.Жасрай ажиллаж байжээ. Харин Бэрх тосгоны уугуул өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрд нөлөө үзүүлэх нь бүү хэл дунд сургуулийн зургаадугаар ангиа төгссөн жаал хүү л байж. Тодруулж хэлэхэд Бэрх хот гэсэн нэршил хийгээд тэр угтах хаалга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд наагаад, муулаад, сэвээд байх сэдэв биш.
Харин хэдхэн хоногийн өмнөөс санаатай хийгээд санамсаргүйгээр дэлгээд байгаа Бэрхийн уурхайн музейн төсөв, тэнд барихаар зарласан Очирваань бурханы хөшөөний тендер болон Төсвийн тухай хуулийг батлах үед Батноров сумын долдугаар баг руу чиглэсэн тэр олон тэрбумын хөрөнгө оруулалтууд бол Монголд Улсын Ерөнхий сайдад наах, шүүмжлэх, хариуцлага нэхэх сэдэв.
Цар тахлын хэмнэлт гээд Асрах төвийн хүүхдүүдийн аяга хоолыг танасан мөртлөө Ерөнхий сайдын өссөн нутаг руу төсвийн хөрөнгийг цутгах ёстой гэж? Энэ л олон түмний дургүйцлийг төрүүлж “Угждаг төсвийг нь бодохоор улс гэмээр Бэрх” гэж байгаа юм шүү дээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (1)