Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Хилийн чанад дахь Монголчуудын IV чуулга уулзалт Төрийн ордны их танхимд болж байна. Өчигдөр чуулга уулзалтын салбар хуралдаан дэлхий даяар тархан суугаа Монголчуудын нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар үргэлжилсэн бол өнөөдөр төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын асуудлаар нэгдсэн хуралдаан үргэлжлэх юм. Өнөөдрийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “Дэлхий даяар тархан суугаа Монгол Улсын ард иргэд ээ. Нар, хур тэгширсэн дэлгэр зуны энэ өдөр элгэн нутаг, эх орондоо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж Монгол түмний гал голомт болсон төрийн ордондоо хуран чуулж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 175 мянга гаруй Монгол иргэд хилийн чанадад амьдарч, хөдөлмөрлөж бас суралцаж байна. Тусгаар тогтносон улсын иргэн бүрийн эрх ашиг дэлхийн өнцөг булан бүрт адил тэгш хангагдах учиртай. Монголчууд бид цаг хугацаа орон зайгаас үл хамаарч нэг нэгнээ дэмжиж, эрх ашгаа хамгаалж, хэл бичиг, түүх, соёл, ёс заншил зэрэг үнэт зүйлсээрээ нэгдэж үндэсний дарлаагаа бэхжүүлж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах учиртай. Тиймээс Монгол төрийн бодлого хилийн чанадад суугаа хүмүүсийн эрх ашиг, тэдний үр хүүхдүүдийг Монгол хүн болгон төлөвшүүлэх, эх орондоо эргэн ирж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд бодлого чиглэж байна.
Хилийн чанадад суугаа хүүхдүүд эх орондоо ирж, нүүдлийн соёл, Монгол ахуйдаа дасан зохицох зуслангуудыг бүсчлэн байгуулах, Монгол наадам, урлаг соёлын өдөрлөгийг Ази, Европ, Америк, Австрали тивүүдэд ээлжлэн зохион байгуулж байхаар төлөвлөж байна. Уг уулзалтаар асуудлуудыг хамтдаа тодорхойлж, санал шийдлийг гаргаж холбогдох байгууллагуудад төрийн тэргүүний хувиар үүрэг даалгавар өгнө. Түмэн олны төлөө төр засаг оршдог гэдэг. Монгол төрийг төлөөлж, дипломат төлөөлөгчийн газрууд хилийн чанад дахь иргэдэд үйлчлэх ёстой. Иймд тэдгээр газрууд иргэдэд хүрч, хүндлэлтэй, хүртээмжтэй, хариуцлагатай, ил тод, түргэн шуурхай ажиллах ёстой. Хүний нутагт байгаа иргэдэд гүн хүндэтгэлтэй хандаж, халуун сэтгэлээр үйлчлэх ёстой” гэв.
Т.Мөнхжаргал